Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт завьт эргүүл ажиллах талаар болон сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна.
Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран мэдээлж байна.
ЦУОШГ-ын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг: Улаанбаатар хотод энэ сарын 16-нд бага зэргийн аадар бороо, 17-18-нд бороо, 20-21-нд бага зэргийг бороо орох төлөвтэй байна.
Долоо болон наймдугаар сар буюу борооны улиралд төвийн бус нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас олон жилийн дунджийн орчим байна.
Улаанбаатар хотын хувьд түр зуурын бороо орох нөхцөлтэй байгаа тул ард иргэд маань аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
НОБГ-ын дэд дарга бөгөөд ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга Э.Батбаяр: Сүүлийн гурван жилд гэнэтийн аадар борооны улмаас тодорхой байршлуудад ус тогтож байгаа. Мэргэжлийн байгууллагууд эдгээр газруудад бүгдэд нь хүрч ажиллаж байгаа.
Энэ судалгааны үндсэн дээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 63 хороонд 105 байршилд ус тогтдог гэсэн судалгаа гарсан. Нийслэлийн хэмжээнд бэлэн байдалд байгаа том жижиг нийт 41 помп буюу ус соруулах төхөөрөмж бий. Үүнийг тухайн цэгүүдэд бүсчилсэн хэлбэрээр байрлуулсан. Ямарваа нэг ус тогтсон нөхцөл байдалд аль ойр байгаа помпыг аваачиж ажиллуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна