Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород мужийн Кстово хотод байх "Лукойл-Нижегороднефтеоргсинтез" үйлдвэрт дроны цохилт өгчээ. Энэ үйлдвэр ОХУ-ын газрын тос боловсруулах томоохон 5 үйлдвэрийн нэг юм.
Дроны халдлагын улмаас үйлдвэрийн нутаг дэвсгэрт гал гарч, тус үйлдвэрийн хүчин чадлын 53 хувь болох хоногт 25,7 мянган тонн газрын тосыг анхан шатанд боловсруулах төхөөрөмж зогссон байна. "Нижегороднефтеоргсинтез" үйлдвэр 2 сарын дотор хоёр дахь удаагаа ийнхүү үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Өмнө нь 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнө мөн л дроны халдлагын улмаас үйл ажиллагаа нь доголдож байв.
Албан ёсны мэдээллээс харахад сүүлийн үед болсон Украины дроны халдлагын улмаас ОХУ-ын төв хэсэгт байх газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүдийн ихэнх нь үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүй болсон байна.
Үйл ажиллагаагаа бүрэн болон хэсэгчлэн зогсоосон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нийт хүчин чадал жилд 83 сая тонн, хоногт 238 000 тонн аж. Энэ нь тус улс дахь газрын тосны нийт боловсруулалтын 1/4, нийт бензиний 30 хувь, дизель түлшний 25 орчим хувийг эзлэж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна