Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Итали Улсын Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав.
Гулиэлмо Пикки тус байгууллага нь италийн үндэсний үйлдвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, ялангуяа гадаад зах зээлд экспорт хийх, хилийн чанадад үйл ажиллагаа явуулахад нь хөрөнгө оруулалт, санхүүгийн баталгаа гаргадаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 290 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг мэдээлэв. Тэрээр Итали улс экспортоор БНХАУ, АНУ, ХБНГУ-ын дараа дөрөвдүгээрт ордог, Италийн Засгийн газраас боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, чухал ашигт малтмалын боловсруулалтын чиглэлд онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.
Сайд Г.Дамдинням эрдэс баялгийн салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн, удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг тэмдэглэв. Ашигт малтмалын тухай хуулинд 2014 оноос хойш өнөөг хүртэл дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийгдээгүй бөгөөд хуулийн төсөлд дөрвөн чухал өөрчлөлт орж байгааг дурдав.
Үүнд хайгуулын зөвшөөрлийг нээлттэй, олон хэлбэрээр олгох, өөрөөр хэлбэл зөвшөөрлийг авах процессыг хялбарчилж, харин үйл ажиллагаа явуулахгүй хадгалдаг байдлыг халах, Монгол Улс анх удаа чухал ашигт малтмалын жагсаалтаа гаргах, томъёолох, энэ чиглэлээр бусад улсуудтай хамтын ажиллагаагаа тодорхойлох, хариуцлагатай уул уурхай, менежмент гэсэн томоохон өөрчлөлтүүдийг оруулж байгааг онцлов.
Тэрээр боловсруулах үйлдвэрлэл нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглээд үүний зэрэгцээ байгаль орчныг хамгаалах асуудлыг хамтад нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна