БНСУ-ын жүжигчин Ким Сү Хён-ыг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээлэл өнгөрсөн жилээс эхлэн цахим сүлжээнд өргөн тархаж, олон нийтийн анхаарлыг татсан билээ. Тэрбээр Нулимсны хатан хаан олон ангит кинонд тоглосныхоо дараа Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн нэгээр нэрлэгдэж байсан юм.
Дуулианы дараа түүнтэй хамтран ажилладаг зарим брэндүүд гэрээгээ цуцалж эхэлсэн бөгөөд жүжигчний агентлаг болон Ким Сү Хён өөрөө хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж, мэдээллийг няцаасаар иржээ.
Маргааны төвд талийгаач жүжигчин Ким Сэ Рон байсан бөгөөд 2025 оны хоёрдугаар сард түүнийг 2015 оноос хойш Ким Сү Хёнтой зургаан жилийн турш үерхсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Тухайн үед Ким Сэ Рон 15 настай байсан гэх мэдээлэл олон нийтийг цочирдуулж байв.
Харин Ким Сү Хёны агентлагийн зүгээс хоёр жүжигчин 2019 оны зун үерхэж эхэлж, 2020 оны намар салсан гэж мэдэгдсэн. Мөн Ким Сэ Рон 2000 онд, Ким Сү Хён 1988 онд төрсөн тул тэдний харилцаа жүжигчин бүсгүйг насанд хүрсний дараа эхэлсэн гэдгийг онцолж байлаа.
Үүний дараа Ким Сү Хён өөрөө хэвлэлийн бага хурал хийж, Ким Сэ Ронтой үерхэж байсан ч түүнийг насанд хүрээгүй байхад нь харилцаа үүсгээгүй, мөн нас барахаас нь өмнө ямар нэгэн холбоогүй байсан хэмээн мэдэгдсэн юм.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Сөүлийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд цахим сүлжээнд тарсан зураг, зурвас, дуу хоолойн бичлэг зэрэг нотлох баримтуудын зарим нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн, эсвэл эвлүүлэг байж болзошгүйг тогтоосон талаар мэдээлжээ.
Мөн Чосун Ильбо сонин цагдаагийн баримтаас эш татан мэдээлэхдээ, Ким Сэ Роны нэрээр тараагдсан дуу хоолойн файл нь хиймэл оюун ухаанаар боловсруулсан хуурамч аудио гэж үзжээ.
Уг аудиог маргаантай HoverLab (GaroSero Institute) сувгийн захирал Ким Се Үй өнгөрсөн тавдугаар сарын 7-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр нийтэд цацсан байна. Бичлэгт Ким Сэ Рон Ким Сү Хёнтой насанд хүрээгүй байхдаа үерхэж эхэлсэн, мөн дунд сургуулийн байхдаа бэлгийн харьцаанд орсон гэх агуулга багтжээ.
Харин мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, уг аудио нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн бөгөөд жүжигчний нэр хүндэд халдах зорилготойгоор тараасан гэж үзэж байгаа аж. Цагдаа нар Ким Се Үйг худал мэдээлэл тараасан хэргээр баривчлах хүсэлт гаргаад байна.
Түүнчлэн хоёр жүжигчний хооронд солилцсон гэх зурвасууд ч эвлүүлэг байх магадлалтай талаар мэдээлжээ. Өмнө нь уг дууны файлыг засварласан гэх хардлага гарч байсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард Үндэсний шүүх эмнэлгийн алба аудиог хиймэл оюун ухаанаар өөрчилсөн эсэхийг эцэслэн тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байв.
Мөн талийгаач жүжигчний ар гэрийн хууль ёсны төлөөлөгчийг ч мөрдөн шалгаж байгаа бөгөөд түүнийг Ким Се Үйд хуурамч мэдээлэл тараахад ашигласан байж болзошгүй материалыг дамжуулсан гэж үзэж байгаа талаар Солонгосын хэвлэлүүд онцолсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна