Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, имтортлох, ханган нийлүүлэх худалдах” 26 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргээс тоймлон хүргэвэл:
-Ө.О нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, толгойн эм гэх нэршилтэй, 3х2 гэсэн бичиглэлтэй жижиг зиплок уутанд хийсэн, ногоон өнгийн 7 ширхэг эм, цагаан өнгийн 12 ширхэг эмийг 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр оруулж, улмаар мөн өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд *****гэх нэртэй хүнсний дэлгүүрт толгойны эм нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (зөвшөөрөлгүй эмийг импортолсон, худалдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ө.О-г “Эмийг импортлох-ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 19 эмийг устгахаар шийдвэрлэсэн;
-Ц.Х нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Testomed E250”, “Stanozon”, “Primomed 100”, “Only for Russian national team” гэсэн нэршилтэй эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр оруулж, улмаар 2024-2025 онд нэр бүхий 3 иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (зөвшөөрөлгүй эмийг импортолсон, худалдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ц.Х-г Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгахаар шийдвэрлэсэн.
Иргэн танд:
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар “эм” гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зориулалттай, хүний физиологийн үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл нь эм судлал, эмнэлзүйн туршилтаар нотлогдсон, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг, тодорхой хэлбэртэй бүтээгдэхүүнийг ойлгоно гэж тодорхойлсон. Иргэд эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан борлуулахыг хориглодог.
Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрөлтэй “эмийн сан”-д эмийг худалдан борлуулах хуулийн зохицуулалттай. Эмийн сан нь эрх бүхий байгууллагаас баталсан хэрэглээнд гаргахыг хүлээн зөвшөөрсөн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулна.
Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд “Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах” гэмт хэргийг зүйлчилсэн ба 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулах гэмт хэргийг хуульчилжээ.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаардаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна