Дөрвөн сар гарч дулааны улирал ойртож байгаа ч шөнөдөө хасах хэмийн жавар айл болгоны хаалгыг ялгалгүй тогшиж байна. Манай сурвалжлах баг СХД-ийн Тахилт, Цэнхэр дэлгүүр, Толгойт, Баянхошуу гэх бүсүүдээр явж, түлшний хомсдолын талаар тодруулахад, нээлттэй, түлштэй борлуулах цэг байсангүй. Учир нь Нийслэлээс сайжруулсан түлшний нийлүүлэлтийг хоёр хоногт нэг удаа болгож багасгажээ. Ирсэн түлшийг иргэд дугаарлан зогсож байгаад цагийн дотор дуусгадаг байна. Тэгээд түлшгүй үлдэх хүмүүс ч олон байгаа аж. Иймд гэр хорооллын айлууд хоёр хоногтоо нэг ирэх түлшийг авч чадахгүйд хүрвэл, утаанаас салах улсын үүрэгтэй иргэд хэдэн давхар хөнжил нөмрөөд шөнийг өнгөрөөхөөс өөр аргагүй байдалд байна.
Тэгвэл чухам ямар шалтгаанаар хоёр хоногт нэг удаа түлш хүргэх болсон талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээлээс тодрууллаа.
-Ямар шалтгааны улмаас хоёр хоногт нэг удаа түлш тарааж байна вэ? Үүнээс болж иргэдэд түлш хүрэлцэхгүй, авч чадахгүй хомсдол үүсэх болсон байна.
-Борлуулагч нарын маань цалин Нийслэлээс санхүүждэг. Цалин нь оройтож орсон тул борлуулагчид захиалгаа өгөөгүй тал байгаа. Дээрээс нь өмнө долоо хоногт цас орж, огцом хүйтрэхэд эрэлт ихсэж, хөнгөхөн хомсдол үүссэн байна.
Нийслэлээс сайжруулсан түлшний борлуулагчдын цалинг хийлгүй удааснаас болж ийнхүү иргэд түлшний хомсдолд оржээ. Нийслэлийн энэ хариуцлагагүй үйлдлээс болж өндөр настай бага насны хүүхэдтэй гэр хорооллын айлууд өнөөдөр жиндүүхэн гэрт зутруухан өдөр хоногийг өнгөрүүлж байна. Улаанбаатар хотыг утаагүй болгох төслийн хүрээнд Таван толгой түлш ХХК-аас нийлүүлж буй утаагүй түлшийг л нийслэлийн иргэд хэрэглэх ёстой гэж журамласан. Гэтэл энэ мэт Нийслэлийн засаг даргын тамгын газрын хариуцлагагүй үйлдлээс болоод түлшгүй болсон иргэд даарч, эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амь нас аа ч алдах эрсдэл гарч болно. Энэ бол хүний амьд явах эрхэнд халдсан байж болзошгүй томоохон асуудал бөгөөд төрийн албаныхны ийм хариуцлага үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэдэг нь манай улсад тодорхойгүй байсаар байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна