​ Эрүүл мэндийн даатгалын санг завшсан хэрэгт холбогдогчдод 6-13 жилийн хорих ял оноолоо

Admin
2026/04/15

Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын (ЭМДЕГ) дарга асан Л.Бямбасүрэн болон нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүхээс Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудаар буруутган шүүсэн байна.Тодруулбал, эдгээр албан тушаалтнуудыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн хэвшлийн эмнэлгүүдээс авлига авсан, мөн хэвтэн эмчлүүлэгчийн бодит тооноос давсан санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон гэж буруутгажээ.

Шүүх хэргийг хэлэлцээд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн болон бусад холбогдох 3 хүнийг нийт 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзэн 6-13 жилийн хорих ял оноосон байна.

Түүнчлэн Л.Бямбасүрэн нь уг мөнгөнөөс 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар дамжуулан авсан нь мөнгө угаасан үйлдэлд тооцогдож, түүнд 13 жилийн хорих ял оноожээ. Мөн түүний нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасч, 50 сая төгрөгийг улсын төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэхүү хэрэг нь төрийн албан тушаалтан эрх мэдлээ ашиглан авлига авч, улсын санхүүжилтийг зүй бусаар зарцуулсан ноцтой зөрчил болохыг шүүх онцолсон юм. Шүүхийн шийдвэр нь төрийн албан тушаалтнууд авлига, иөнгө идэх,  албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд зайлшгүй хариуцлага хүлээлгэдэг байх ёстойг харуулсан чухал жишээ боллоо. Авлига, төрийн албан хаагч мөнгө идэх нь нийгмийн шударга ёс, төрийн байгууллагын итгэлцэлд сөргөөр нөлөөлдөг тул ийм төрлийн хэрэгт хатуу, бодитой шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж олон нийт үздэг.

Манай улсын хувьд авлига, албан тушаалаа урвуулан ашиглахын эсрэг тогтолцоо, хариуцлагын механизм сул байна гэх шүүмжлэл байнга дагалддаг. Тиймээс энэ удаагийн шүүхийн шийдвэр нь хариуцлагыг бодитоор хэрэгжүүлж чадсан, авлигын эсрэг тэмцэлд тодорхой ахиц гарч буйг илтгэсэн эерэг тохиолдол гэж дүгнэж болохоор байна.Цаашид ийм жишиг тогтож, албан тушаалтнууд хууль зөрчсөн тохиолдолд ял завших боломжгүй, ил тод, шударга хариуцлага хүлээдэг тогтолцоо бүрэлдэх нь нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
112.72.9.122
2026/04/15
0
0
emnelgiin darga nariig sain shalgax xeregtei bas ix iddeg avilgachid shyy idsen mungiig n 3 nugalj avax n zygrrrdee
Хариулах