Оны өмнөхөн БЗД-ийн 21 албан хаагчид 30 сая буюу нийт 630 сая төгрөгийн байрны урьдчилгаа буюу нийгмийн баталгаа олгосон байлаг.
Хуульдаа төрийн жинхэнэ албан хаагчид энэхүү нийгмийн баталгаанд хамрагдаж 30 сая төгрөг авах ёстой. Гэвч эдгээр 21 хүнээс хоёр галба хаагчид хууль шаардлага хангаагүй хэр нь нийгмийн баталгаанд хамрагдаж 30, 30 сая төгрөг төрөөс авчээ. Тодруулбал, БЗД-ийн Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн О.Удвалгомбо, БЗД-ийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн О.Дүүриймаа нар төрийн албаны шалгалтаа өгөөгүй, жирэмсний амралтаа авсан хүний оронд ажиллаж байсан орон тооны бус ажилтан, төрийн жинхэнэ албан хаагч болоогүй байж 30 сая төгрөг авсан байна. Энэ талаар тодруулахаар бид БЗД-т баасан гарагийн 11 цагт очин өдрийн 2цаг хүртэл хүлээсэн ч хариулт өгөх боломжтой албаны дарга нар ажлын байр дээрээ байсангүй. Ийнхүү утсаар БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханы туслах н.Солонго руу залгахад, “Дарга хуралтай байгаа өнөөдөр бүтэн ажил дээр очихгүй. Төрийн сангийн хэлтсийн даргаас асуугаарай” гэв. Улмаар шаардлага хангаагүй байж 30 сая төгрөг төрөөс авсан гэх О.Удвалгомбо, О.Дүүриймаа нар руу залгасан ч утсаа авсангүй. Үргэлжлүүлэн Засаг даргын туслахын хэлсний дагуу Төрийн сангийн хэлтсийн дарга О.Энхмэндээс тодруулахаар өрөөнийх нь гадна хүлээсэн боловч мөн л адил “Ажилдаа ирэхгүй” гэдэг мэдээлэл авав. Ингээд тус ямар шалтгааны улмаас хууль, журам зөрчин ингэж олгосон нь тодорхойгүй, хариулт өгөх хүн БЗД-т олдсонгүй.
Үүнээс гадна БЗД-ийн Төрийн сангийн хэлтсийн дарга О.Энхмэнд ажилдаа ороод нэг жил ч болоогүй атал 30 саяын байрны урьдчилгаа авсан байна.
Түүний хувьд өмнө нь Нийслэлийн аудитораар ажиллаж байхдаа БЗД-ийн төсөвт аудит хийж байсан бөгөөд удалгүй шалгаж байсан дүүрэгтээ хэлтсийн даргаар ирэн, 30 сая төгрөг авсан нь энэ юм. Оны дараах нь Нийслэлийн татварын хэлтсийн дарга нар ажлаа тастаж Дубай явсан мэдээлэл гарч олны анхаарлыг татсан. Тэгвэл эдгээр Дубай явсан мэргэжилтнүүдийн нэг бол БЗД-ийн Төрийн сангийн хэлтсийн дарга О.Энхмэнд юм. Уг нь тухайн мэдээлэл гарсны дараа “Ажлаа тасалж, Дубай явсан нийслэл, дүүргийн татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг” Ерөнхий сайд асан Г.Занданшатар үүрэг болгож байсан. Гэвч энэ үүргийг БЗД-ийн Засаг дарга биелүүлсэнгүй. Дубай явсан БЗД-ийн Төрийн сангийн хэлтсийн дарга О.Энхмэнд одоог хүртэл дарга хэвээр байгаа төдийгүй нэмээд 30 саяын байрны урьдчилгаа нийгмийн халамжийн мөнгийг төрөөс авчээ. Энэ асуудлаас төрийн албанд шат дараатайгаар дэвших мэрит зарчим алдагдаж, шударгаар олон жил хөдөлмөрлөж ирсэн алба хаагчдад олгох ёстой нийгмийн баталгаа, дэмжлэг нь жинхэнэ эздэдээ хүрэхгүй байгааг харж болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна