Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах "Гоожингийн өндөр" гэх нэршилтэй түүхэн барилгыг сэргээн засварлах А даалгаврыг боловсруулж, удахгүй тендер зарлахаар төлөвлөжээ. Уг барилга нь 114 жилийн түүхтэй бөгөөд энэ барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлах гэнэ. "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаан гурван жилийн өмнө шүүх дээр маргаж, ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй болсон юм. Тэгвэл нийслэлээс газрын эзэдтэй тохиролцож, тус байшинг Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлж авсан байна.
1988 ОНД “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ ГАРГАСАН"
Архитектор Г.НЯМЦОГТ:
-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.
Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий. Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ гэдгийг хэлж байсан юм.
Уг дурсгалт байшинг түүх бичлэгт Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн бариулан өөрөө амьдарч, мөн Хаант Оросын зөвлөх түшмэл С.А.Козин ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Т.Намнансүрэнг нас барсны дараа Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ ван Намсрай харьяалан авч, 1920 онд VIII Богд Жэвзүндамба хутагт болоод Монголын хувьсгалын үйл хэрэгт оролцогч хүмүүс хоригдож байсан гэх зэргээр түүхэн хүн, үйл явдалтай холбон бичиж иржээ.
Түүхэн дурсгалт байшин анх баригдсан цагаас 1929 онд Нягтлан бодох түр сургууль байрлах хүртэлх түүхийг судлаачид зөрүүтэй байдлаар бичиж ирснийг Улаанбаатар хотын түүх судлаач Г.Очбаяр, О.Одсүрэн нарын хамтран бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээр нягтлан дэлгэрүүлэхээс гадна уг байшин хэдэн онд, хаана баригдсан, хэнд зориулж, ямар хөрөнгөөр барьсан, хэн амьдарч байсан, ямар түүхэн үйл явдалтай холбогддог, ямар байгууллагууд байрлаж байсан, хэрхэн хадгалж хамгаалж ирсэн зэргийг тодруулсан байна.
Энэ дунд нэгэн баримт сонирхол татсан нь "Гоожингийн өндөр"-т Ерөнхий сайд асан Т.Намнансүрэн амьдарч байгаагүй гэх мэдээлэл.
Т.НАМНАНСҮРЭНГИЙН ГЭР ОРДОН НЬ “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ТЭЙ ОГТХОН Ч ХОЛБООГҮЙ
Энэ тухай судлаачдын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд "Ерөнхий сайд Т.Намнансүрэн нь Бүгд ерөнхийлөн захирах яамны хоёр давхар модон байшинг 1912 онд бариулж эхлэн, 1913 онд дуусгажээ. Тус байшинд 1914-1915 оны хооронд Бүгд ерөнхийлөн захирах яам, Улсын хурлын газар хамт байрлан үйл ажиллагаа явуулж байгаад, 1915 онд Бүгд Ерөнхийлөн захирах яам татан буугдахад Улсын хурлын газар дангаараа байрлаж үйл ажиллагаа явуулж байжээ. 1919 оны 6 дугаар сард Улсын хурлын газрыг Богд хааны зарлигаар Дотоод яамны баруун тасалгаанд шилжүүлжээ. Ингэхдээ Улсын хуралд зориулж Дотоод яамны хажууд шинэ байшин сав барьж өгсөн бөгөөд уг байшинд ортлоо Дотоод яамны байшинд хуралдаж байв. Харин хуучин байшинг (анх Бүгд ерөнхийлөн захирах яамны байшин байсан) тухайн газарт нь үлдээж, Сангийн яаманд харьяалуулжээ. Уг байшин цаашид хэрхсэн талаар тодорхойгүй байна.
Дунд голын өмнөх Улсын хурлын газар байрлаж байсан байшингийн зүүн талд Т.Намнансүрэнгийн гэр ордон байрлаж байв.
Тус гэр ордныг хэдийд барьсан талаар баримт одоогоор олдоогүй ч 1913-1915 онд баригдсан нь тодорхой байна. 1924 онд Т.Намнансүрэнгийн эд хогшлын нэлээдийг хурааж Улсын орлого болгоход тус байшин ч мөн адил улсын орлого болсон бололтой. 1925-1926 онд тус байшинд Дэлгэр их уулын аймаг байрлаж байжээ. Дараа нь Цэргийн яам уг байшинг буулган, Арслантай гүүрний баруун хойд талд зөөн барьж, 1940-өөд оны эхэн хүртэл Цэргийн яамны хэлтсүүд уг байшинд байрлаж байжээ. Цагийн аясаар тус байшин элэгдэн хуучирч, дээд давхар нь хазайсны дараа дан болгож, сүүлдээ барилгын талбайд орж ор сураггүй алга болжээ.
Дээрх баримтуудаас харвал, Бүгд ерөнхийлөн захирах яам болон Улсын хурлын газрын байрлаж байсан байшин, мөн Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн гэр ордон нь “Гоожингийн өндөр”-тэй холбогдолгүй болох нь баримтаар батлагдаж байна.
Түүхч О.Пүрэв “Т.Намнансүрэнгийн байшин бол Гоожингийн өндөр” гэж үзсэнийг судлаачид нягтлалгүй ном бүтээлдээ ашигласнаар уг ойлголтыг дэлгэрүүлжээ. 1914-1916 оны хооронд Нийслэл хүрээнд амьдарч байсан С.А.Козин нь 1919 онд Т.Намнансүрэнг нас барсны дараа түүний байшинд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй бөгөөд логикийн хувьд ч зөрчилтэй юм. Дунд голын өмнө баригдсан Т.Намнансүрэнгийн гэр ордон нь “Гоожингийн өндөр”-тэй огтхон ч холбоогүй" талаар дурдсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна