Зарим мэргэжил хүний сонголтоос илүү хувь заяа, гэр бүлийн уламжлалаар өвлөгдөн үргэлжилдэг. Тийм нэгэн түүхийг Тээврийн цагдаагийн албанд ажиллаж буй залуу бүсгүй Б.Халиуны амьдрал харуулна. Түүний хувьд замын цагдаагийн алба бол зүгээр нэг ажил бус, гурван үе дамжин үргэлжилсэн гэр бүлийн бахархал юм.
Б.Халиуны өвөө, аав, ах нь бүгд замын цагдаагийн албанд олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан туршлагатай алба хаагчид. Тиймээс тэр бага наснаасаа л цагдаагийн албаны дэг журам, хариуцлага, ёс зүйг харж өссөн нэгэн. Гэсэн ч тэр шууд энэ замыг сонгоогүй. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд санхүүгийн чиглэлээр суралцаж, мэргэжлээрээ төрийн байгууллагад хоёр жил ажилласан байна. Гэвч багаасаа цагдаагийн алба хаагчдын дунд өссөн дурсамж, гэр бүлийн нөлөө түүнийг энэ мэргэжил рүү татсаар байжээ.
Ингээд 2023 онд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөний эцэст Тээврийн цагдаагийн албаны Санхүүгийн хэлтэст ажилд орж, өвөө, аав, ахынхаа мэргэжлийг өвлөн авч үргэлжлүүлсэн байна.
Түүнийг цагдаагийн албанд орохоор шийдэхэд аав нь нэгэн чухал захиас хэлжээ. “Цагдаагийн ажил бол тэвчээр, хатуужил шаардсан мэргэжил. Иргэн бүртэй эрх тэгш харьцаж, үнэний төлөө ажиллаарай” хэмээн захисан нь өнөөдөр түүний ажлын чухал зарчим болжээ.
Өнөөдөр Б.Халиун гэр бүлийнхээ мэргэжлийн замналыг үргэлжлүүлээд зогсохгүй, төрсөн дүү нь ч мөн замын цагдаагаар ажиллаж байна. Ийнхүү нэг гэр бүлийн хэд хэдэн үеийнхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө ажиллаж буй юм.
Тэрээр мэргэжлийнхээ тухай ярихдаа:“Цагдаа хүн иргэдийн баяр дээр очдоггүй, харин зовлон бэрхшээл, асуудал тулгарсан үед нь очиж шийдвэрлэж, тусалдаг. Тиймээс би энэ албандаа чин сэтгэлээсээ хайртай” хэмээн хэлсэн юм.
Түүний оролцсон “Mycareer”ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна