"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас өнөөдөр (2026.02.13) Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллах, хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Сонгон шалгаруулалтаар шаардлага хангасан хөрөнгө оруулагчийг тодруулсан тохиолдолд асуудлыг УИХ-д танилцуулна. Бүх үйл явц УИХ, Засгийн газрын хяналт дор, олон нийтэд нээлттэй, ил тод, олон улсын зарчмын дагуу хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай онцоллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "Байгалийн баялгийг иргэд олон нийтдээ хүртээх үндсэн агуулга гаргаснаар сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, нээлттэй шалгаруулалт зарлаж байна. Олон улсын түвшинд бүтээгдэхүүн хуваха, орлого хуваах, гэхчилэн олон арга хэлбэр бий. Бид бүтээгдэхүүн хуваах жишгээр явуулах боломжгүй гэж үзэж байгаа. Ашиг хуваах хувилбарын хувьд мөн ялгаагүй хөрөнгө оруулагч талын зардлыг хянах асуудал үүсдэг. Иймээс Бортээгийн ордыг ашиг хуваах замаар биш орлого хуваах дээр нэмэх нь борлуулалтын нэгжийн өртгөөс хамааруулж ашгийн хувиа нэмэх загвар руу явъя гэж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 15 жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордын баруун, зүүн цанхийн хэсгүүдэд олборлолт явуулж, жилд 30 сая тонн нүүрс олборлож, борлуулах хүчин чадалд хүрсэн.
Бортээгийн орд нь компанийн цанхийн урд хэсэгт байрладаг бөгөөд үйлдвэрлэлийн нөөц 424.2 сая тонн. 2020 онд батлагдсан ТЭЗҮ-ээр олборлолтын хүчин чадлыг жилд 2–15 сая тонноор тогтоосон байна.
Мөн компанийн зүгээс ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан шинэчлэн батлуулахаар ажиллаж байна. Нийт хуулах хөрсний хэмжээ 868.3 сая м³, нийт уулын цулын хэмжээ 1 тэрбум 171.3 сая м³ гэж тооцоолсон. 424.2 сая тонн нүүрсний нөөц тогтоогдсон. Бортээгийн ордын нийт нөөцийн 95 хувь нь сул коксжих нүүрс бөгөөд одоогийн баруун, зүүн цанхийн хэсгүүдэд олборлож буй хатуу коксжих болон сул коксжих нүүрстэй харьцуулахад чанарын үзүүлэлт доогуур байна.
Тодруулбал, чанарын гол үзүүлэлт болох үнслэгийн хэмжээ 22–25 хувь, илчлэг нь ойролцоогоор 6000 ккал, дэгдэмхий бодисын агууламж 33–35 хувьтай байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн одоо олборлож буй баруун, зүүн цанхийн хэсгүүдэд Бортээгийн ордоос илүү чанартай хатуу коксжих болон 3/1 коксжих нүүрс олборлож байгаа" гэлээ.
Сонгон шалгаруулалтыг нэг сарын хугацаанд зарлах бөгөөд дотоод гадаадын аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлэх боломжтой юм. Хөрөнгө оруулагч компанид дэд бүтэц, ажлын байр бий болгох, төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр барих шаардлагыг тавьж байгаа аж. Сарын хугацаанд ирсэн материалуудыг дээр дурдсанчлан Засгийн газар, УИХ-д танилцуулах юм байна. Нийт 1000 онооны шалгуур үзүүлэлтүүдээр ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үнэлгээг хийнэ. Ингээд 700-аас дээш оноо авсан аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийхээр баримт бичгийг бэлджээ.
Хөрөнгө оруулагчаа шалгаруулсны дараа хөрс хуулалтыг энэ ондоо багтаад эхлүүлэх боломжтой гэж тооцож байгаа ба 2028 онд ордын бүтээгдэхүүнийг борлуулж эхлэхээр тооцож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна