Малайзын Давж заалдах шатны шүүхийн хурлаар 2006 онд Ерөнхий сайд асан Нажиб Разакийн бие хамгаалагчдын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл Давж заалдах штаны шүүх өмнө нь Ш.Алтантуяагийн гэр бүлийн талд гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Малайзын Засгийн газраас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан байна.
Энэхүү шийдвэртэй холбоотойгоор аллагын хариуцлагыг нэхэх 18 жилийн турш үргэлжилж буй хууль шүүхийн маргаан Малайзын Дээд шүүхэд очих магадлалтай болж байна. Хохирогчийн талыг төлөөлж буй өмгөөлөгч Сангит Каур Деогийн мэдээлснээр Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн Малайзын Холбооны шүүхэд завж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.
Ш.Алтантуяатай харилцаатай байсан Абдул Разак Багиндагийн давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн аваагүй байна. Түүнийг хохирогчийн гэр бүлд 1.3 сая ринггит буюу 340.5 мянган ам.доллар төлүүлэхэр шийдвэрлэжээ. Хэрэг гарсан өдөр Абдул Разак Багиндагийн гэрийн гэднээс хэрэгтнүүд Ш.Алтантуяаг хулгайлсан юм. Аллагыг үйлдсэн тусгай албаны алба хаагчид болох Азила Хадри, Сирул Азхар нар нь тухайн үед Нажиб Разак болон бусад өндөр албан тушаалтнуудыг хамгаалах үүрэгтэй байсан юм. Улмаар хоёуланд нь шүүхээс цаазын ял оноосон ч аллага үйлдсэн сэдлийг нь тогтоогоогүй байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө 2022 онд хэргийн хариуцлагыг Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда, Азила Хадри, Сирул Азхар нар хамтран үүрэх ёстой гэх шүүхийн дүгнэлт гарч байв. Гэсэн ч хариуцагч талууд хохирлын нөхөн төлбөр олгоогүй тул Ш.Алтантуяагийн гэр бүл энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар 2025 онд Малайзын шүүх Малайзын Засгийн газар болон Абдул Разак нарыг тус бүр 4.7 сая ринггитийг хохирлын нөхөн төлбөрт төлж, давж заалдах шатны шийдвэр гартал төлбөрийг урьдчилан байршуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна