Нэг гартаа сэтгэцийн онош, нөгөө гартаа хуулийн заалт барин алхах түүнийг Ланжаагийн Баттулга гэдэг. Тэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц, эмгэг судлалын клиникийн эрхлэгч. 2006 онд хуучнаар ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр дүүргэж, төгссөн цагаасаа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаж буй. СЭМҮТ (Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв)-ийн шүүх, сэтгэцийн эмч нь жирийн сэтгэцийн эмчтэй харьцуулахад хууль, шүүхийн процесст тусгай үүрэгтэй ажилладаг онцлогтой.
Түүний гол үүрэг бол сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй иргэний сэтгэцийн байдлыг үнэлэх, хариуцлага хүлээх чадвартай эсэхийг тогтоох, эсвэл эмнэлгийн албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхэд шүүх, прокурорт мэргэжлийн дүгнэлт гаргах байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэцийн эмгэг нь хүнд түвшинд буюу солиорлын түвшинд очиж өөртөө болон бусад хүний эрүүл мэнд, амь насанд халдсан өвчтөнтэй ажилладаг гэсэн үг. Тэр олон өвчтэнтэй нөгөө талаар гэмт хэрэгтэнтэй уулзаж байсан. Сэтгэлзүйн хувьд гүн харанхуйд живсэн, сэтгэцийн эмгэгт автсан, гэмт хэрэг үйлдсэн гээд... Сэтгэцийн хувьд эрүүл биш байхдаа гэмт хэрэг тэр дундаа хайртай хүнийхээ амь насыг хохироосон өвчтөн эмчилгээний явцад эмчлэгдээд өөрийн хийсэн үйлдлээ мэдэж шаналах тэр мөч хамгийн хэцүү байдаг гэж тэр ярьсан.
Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үйлчлүүлж буй өвчтөн бидний хэлж заншсанаар Шархадны хурцийн тасгийнхантай ажиллаж буй эмч, сувилагчдын ажлын онцлог, бэрхшээлийн талаар хуваалцсан юм. Ингээд манай редакцаас бэлтгэн хүргэдэг “MYCAREER”ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна