Цусны хорт хавдартай Д.Сүнжидмаагийн эмчилгээний зардалд 150 сая төгрөг яаралтай хэрэгтэй болжээ

А.Булганчимэг
2025/09/06

Автобус гудам гээд хаа нэгтээ хайрцаг барин, хандив гуйх хүмүүстэй та тааралдаж байсан л байх. Тэдний ихэнх нь хорт хавдар гэх хүнд өвчнөөр оношлогдсон хайртай дотнын хүмүүсээ эрүүл болгох найдвар тээн хандив гуйж явдаг. Үүний л нэгэн жишгээр Э.Дагвасүрэн гуай 41 жил ханилсан ханьдаа амьдрал гуйж, хандивын хайрцаг үүрээд зах худалдааны төв гээд Улаанбаатар хотын хүн их төвлөрсөн газраар холхиж явна. Түүний эхнэр Д.Сүнжидмаа өдгөө 58 настай бөгөөд нэг жилийн өмнө цусны цагаан эсийн хорт хавдар туссан болохоо мэджээ. Д.Сүнжидмаагийн хувьд нэгдүгээр эмнэлэгт 9 н удаа химийн эмчилгээ хийлгэсний эцэст зургаахан сарын настай гэдэг харамсалтай хариу сонссон байна. Гэхдээ түүний нөхөр, гурван хүүхэд бууж өгөлгүй олон газарт өвчний түүхийг нь явуулсны эцэст БНХАУ-ын Гуанжу дахь хорт хавдрын эмнэлэг эмчлэгдэх боломжтой гэдэг хариу сонсжээ. Гэхдээ эмчилгээнд явахад эхний ээлжид 150 сая төгрөг хэрэгтэй болсон. Дундаж орлоготой жирийн л нэг айл өрхөд 150 сая төгрөг бэлэн байх нь ховор тул Э.Дагвасүрэн гуай зав л гарвал хайрцаг үүрээд, эхнэрийнхээ өвчний түүхийг учирлаад хүмүүсээс хандив гуйдаг явдаг байна.

Д.Сүнжидмаа эгч эм зүйч мэргэжилтэй. “Эх нялхас”, “Ази фарм” ХХК гээд олон газруудад эм найруулагч, эм зүйчээр ажиллаж байжээ. Д.Сүнжидмаа болон түүний нөхөр Э.Дагвасүрэн нар хоёул тэтгэвэрт гарсан бөгөөд эм авах, эмчилгээний зардалд тэтгэврийн мөнгө нь хаа ч хүрдэггүй байна. Гавьяаныхаа амралтыг аваад ач зээгээ тойруулаад сууж байх үе дээрээ нэг нь хэвтэрт, нөгөө нь хөлөө хүрэх газраа хүртэл эхнэрээ эмчлүүлэхийн төлөө хандив гуйж явна. Тэдэн шиг насаараа ажиллаж, татвар, эрүүл мэндийн даатгал төлсөн ч хүнд өвчин туссан үед гадаадад эмчлүүлэх нь биелэгдэшгүй мөрөөдөл мэт санагдах дундаж орлоготой иргэд цөөнгүй байгаа нь нууц биш.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна