Ардчилсан Конго Улсад Эбола вирусын дэгдэлт хурдацтай өргөжин тэлж байгаа нь “маш их түгшүүр төрүүлж байна” хэмээн олон улсын хүмүүнлэгийн байгууллага Хил хязгааргүй эмч нар /MSF/ мэдэгджээ.
Дэгдэлт албан ёсоор зарлагдсанаас хойш ердөө хоёр долоо хоног өнгөрөхөд өвчлөлийн тоо огцом өссөн бөгөөд MSF-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал доктор Алан Гонзалес “Эболагийн дэгдэлтийн эхний шатанд ийм богино хугацаанд ийм олон сэжигтэй тохиолдол бүртгэгдэж байсан тохиолдол өмнө нь байгаагүй” гэж онцолсон байна.
Одоогийн байдлаар Ардчилсан Конго Улсад Эбола вирусын 1000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, дор хаяж 246 хүн нас бараад байна. Харин хөрш Уганда улсад есөн батлагдсан тохиолдол илэрч, нэг хүн нас баржээ.
MSF-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал доктор Алан Гонзалес, “Өнөөдрийн байдлаар дэгдэлтийн бодит цар хүрээ, ноцтой байдлыг хэн ч бүрэн тодорхойлж чадахгүй байна. Өдөр бүр шинэ сэжигтэй тохиолдол нэмэгдэж байгаа ч олон зуун дээж одоог хүртэл шинжилгээнд хамрагдаагүй хэвээр байна” гэжээ. Түүний хэлснээр, хил болон нисэх буудлуудад тогтоосон хязгаарлалт нь өвчний тархалтыг хянах ажил болон хүмүүнлэгийн тусламжийн хүргэлтийг удаашруулж байгаа аж.
Тэгвэл Эбола вирусээр нас барсан хүмүүсийн шарилтай шууд харьцах уламжлалт оршуулгын зан үйл нь халдварыг цааш тараах өндөр эрсдэлтэйг сануулж байгаа аж.
Хэдийгээр халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа ч Итури мужийн төв Буниа хотод өдөр тутмын амьдрал харьцангуй хэвийн үргэлжилж байгаа аж. Харин нисэх онгоцны буудал болон олон нийтийн газруудад гар угаах цэгүүд байгуулж, эрүүл мэндийн сэрэмжлүүлэг, зөвлөмжийг орон нутгийн хэл болон франц хэлээр түгээж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна