Одоогоос хоёр жилийн өмнө Сэлбэ гол үерлэж, тухайн орчмын айлууд хүнд нөхцөлд амьдарч байсан. Ойрын жилүүдэд тэр жилийн үертэй харьцуулахад 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтайг мэргэжилтнүүд судалсан.
Тиймээс хамгийн эрсдэлтэй байршил болох Сэлбэ голын Натурын орчимд 1.4 км урт түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн хамгаалалтын даланг барьж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар “Үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил энэ сарын 30-нд дуусах бол наймдугаар сарын 30-нд нийт ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө” гэлээ.
“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр үерийн далан, явган хүний зам, ногоон байгууламж бүхий тохижилт хийнэ. Зураг төслийг гаргасан "Престиж-Инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос барилгажилт ихсэж, Сэлбэ голын голдирол нарийссан.
Өөрөөр хэлбэл, Сэлбэ голын зүүн эргээр буюу зүүн талын барилгуудын дундуур голын голдирол урсаж байсан. Голын голдирлыг шахаж барилгууд барьсан учраас барилгуудыг буулгах эсвэл түшиц хана барихаас өөр сонголтгүй болсон. Түшиц хана барих хамгийн зөв шийдэл бол дээр дурдсан тэгш өнцөгт огтлолцол бүхий өндөр түшиц хана. Энэ нь дэлхийн хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэдэг” гэдгийг тодотголоо.
Түүнчлэн үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил дууссаны дараа Сэлбэ голын байгалийн тогтцыг алдуулахгүйгээр тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажилд газар доорх шугам сүлжээг шийдэх асуудлууд ихээхэн бэрхшээл учруулж байсныг дурдав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна