Цахим мөрийтэй тоглоом тоглосон иргэн өрөнд ороод хохироод дуусдаггүй өөрийн амь нас, гэр бүл цаашлаад улс орны аюулгүй байдалтай ч холбогддог тус тоглоомыг хориглох хуулийн заалтыг Н.Учрал гишүү санаачлан 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. 1,7 их наяд төгрөгийг ямар ч татваргүйгээр гадагшаа урсгаж, олон айлын амьдралыг сүйрүүлж буй цахим мөрийтэй тоглоомыг хориглох хуулийг УИХ ийнхүү 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэн баталлаа
Эрт дээр үед Манжууд Монголчуудыг өөрийн дарлалд байлгаж, оюун санааг нь удирдахын тулд “Даалуу” тоглоомыг дэлгэрүүлж Монголын ихэс дээдэс, ноёд даалуунд дурлан эд мал, эхнэр хүүхдээ ч мөрийнд тавин тоглож байсан гэдэг. Тиймдээ ч даалууг Монголчууд хар мөртэй, гарал муутай тоглоом хэмээсээр ирсэн. Тэгвэл техник технологийн эрин энэ цаг үед цахим мөрийтэй тоглоомд донтон эрүүл мэнд, эд хөрөнгө, гэр бүл цаашлаад амь насаа алдах тохиолдол ихэссээр буй. “Ковид-19” цар тахал дэлхий нийтээр гарч, хөл хорио тогтоосон цагаас эхлэн иргэдийн интернэт хэрэглээ эрс нэмэгдсэн. Ковид буюу дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэхээс өмнө энэ төрлийн тоглоом манай улсад өргөн дэлгэрээгүй байсан. Харамсалтай нь ковид дэгдэж гэрийн хорионд урт хугацаагаар суусан иргэд тэр дундаа эрчүүд цахим мөрийтэй тоглоомд донтож эхэлсэн байна. Судалгаагаар АНУ болон Европын зарим орнуудад цахим мөрийтэй тоглоомын иргэдийн оролцоо 2020 оны эхний хагас жилээс эхлэн 30-50 хувь өссөн гэж гарчээ. Манай улсын хувьд Ковид 19 цар тахлын эхэн үе буюу 2020 онд цахим мөрийтэй тоглоомд донтсон 3 иргэн СЭМҮТ-д хандаж байсан бол 2024 онд 104 болон өссөн байна. Энэ хугацаанд буюу сүүлийн дөрвөн жилд энэ төрлийн нийт 1360 хэрэг бүртгэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулсан бөгөөд эдгээрээс 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн юм. Цахим мөрийтэй тоглоом нь хууль бус платформ, мөнгө угаах, залилах, бүлэглэн зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэх, цаашлаад өөрийн амь насыг хохироох зэрэг үр дагавартай учир зарим тохиолдолд гэмт хэрэг гэж үздэг. УИХ цахим мөрийтэй тоглоомыг хориглох хуулийг баталснаар эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг арга зам болж чадлаа. Хэдийгээр Их Британи болон Австрали зэрэг улс орнуудад цахим мөрийтэй тоглоомыг зохицуулах хууль тогтоомжтой бөгөөд зарим төрлийн мөрийтэй тоглоомыг хориглох, эсвэл зөвхөн зохицуулсан операторуудаар дамжуулан явуулах хууль тогтоомжууд байдаг. Харин манайх шиг жижиг эдийн засагтай, хүн ам багатай улсын хувьд цахим мөрийтэй тоглоомыг хуульчилж, хориглох нь зөв шийдвэр билээ. Н.Учрал гишүүний санаачлан УИХ хэлэлцэн баталсан тус хуулийн төсөлд спортын бооцоот тааврыг зөвшөөрч, үүнээс бусад бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төсөл байсан юм. Иинхүү олон гэр бүлийннулимсан дээр тоглож байсан цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглож олон гэр бүл элэг бүтэн, эрүүл саруул, сэтгэл түвшин амьдрах боломж нээгдлээ.
Сонирхуулахад өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домайн хаягийг хаасан. Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилж иргэд цахим мөрийтэй тоглоом тоглосоор байсан юм.
Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсноор Цахим мөрийтэй тоглоомын бүх төрлийн апплейкшн гар утсанд байршуулах боломжгүй болохын дээр, хууль зөрчиж тогловол Эрүүгийн хуулиар торгодог болж байгаа юм. Одооios, apple стори, мета компани руу хандаж цахим мөрийтэй тоглоомуудыг татах боломжгүй болгох юм. Харин хууль зөрчиж өөр төрлийн линкнээс тус тоглоомыг татах, зуучлах, зохион байгуулбал Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Уг үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Эрүүгийн хууль, Зар сурталчилгааны хууль, Зөвшөөрлийн хууль, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Цахим мөрийтэй тоглоомыг хууль зөрчиж зохион байгуулж хувь авбал Монгол банкнаас дансыг хаах, царцаах зэрэг арга хэмжээг авах билээ.
Иймд иргэд та бүхнийг хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоомыг тоглохгүй байхыг хүсэж байна.
13. Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан "хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино)" гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.
Эрүүгийн хуульд гэмт бүлэг байгуулах гэдэг зүйл анги бий. Энэ зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8.1 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав ба түүнээс дээш олон хүний тогтвортой нэгдлийг хэлнэ хэмээн хуульд зааж өгсөн. Цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш "Торгоны зам" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон ажилласан.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,
Мөн хуулийн 2 дахь хэсэгт “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу дээрх хууль бус үйлдлийг зохион байгуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагад хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхой заасан байна.
Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн Тавдугаар бүлэг 5.7 /Мөрийтэй тоглоом тоглох/ дугаар зүйлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн зохицуулалттай байна.
Сэтгэгдэл (4)