Гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөг анх удаа боллоо

Admin
2025/04/14

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Азтай савар” төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн амралтын өдөр /2025.04.12/ амьтанд хайртай, амьтан тэжээдэг хүн бүрт зориулсан гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөгийг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа. Тус өдөрлөгт панелист хэлэлцүүлэг, сайн сургалттай нохой муурны тэмцээн, хамгийн хамгийн тэжээвэр амьтдыг шалгаруулах ба урлагын тоглолт зэрэг сонирхолтой олон арга хэмжээнүүд зохион байгуулсан юм.

Гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөг нь амьтдыг хайрлах, тэдний эрхийг хамгаалах, тухайн улсын амьтны хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг байна.

Өдгөө дэлхий даяар 60 секунд тутам нэг амьтан хүний хүчирхийлэлд өртөж, жил бүр 900 гаруй мянган нохой, муурыг устгалд оруулж байна гэх судалгаа бий. Үүний гол шалтгаан нь хүний хэнэггүй, хариуцлагагүй, өөрөөсөө өөр бусдын болоод амьтны амьдрах орчин нөхцөлийг ойлгодоггүй, хараа хяналтгүй үржүүлгийн үр дүн билээ. Хүүхдийг амьтанд хайртай болгож өгсөх, амьтанд ээлтэй, аз жаргалтай орчныг бий болгох зорилгоор “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөгийг ирэх жилүүдэд ч зохион байгуулах нь зүйтэйг иргэд хэлж байлаа.

Муурь, нохой, яст мэлхий, туулай зэрэг ам бүлийн үнэнч, бяцхан гишүүдээ хүүхдүүд гэлтгүй томчууд авч иржээ. Өдөрлөгт “Адууны диваажин” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Наранбадрах, “Азтай савар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Ариунзул, Ц.Зориглон, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн амьтан судлаач зэрэг тэжээвэр амьтдын эрүүл мэнд, эрхийг хамгаалагчид оролцлоо.

Өдөрлөгт дуучин Б.Маралжингоо, Мачо нар бяцхан найзуудад ая дуугаараа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн амьтдын эрхийн тухай болон амьтанд хайртай байхын ач холбогдлын талаар зочид өөр өөрсдийн бодлоо хуваалцлаа.

“Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Зориглон, бид юу хийдгийг амьтанд хайртай хүн бүр мэднэ. Хаягдсан, өвдөж зовсон амьтдыг аврах, эзэнтэй болгох үйл ажиллагаа явуулдаг. Эзэнгүй амьтдын тоо толгой олшрохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй, энэрэнгүй арга болох спэй, заслагыг таниулах чиглэлд ажилладаг.

Энэ өдөрлөг нь олон улсын жишиг стандартад нийцсэн, хүмүүст аюулгүй, гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй, энэрэнгүй нийгмийг бий болгох зорилготой. Энэ хүрээнд та гэрийн тэжээвэр амьтан тэжээх журам, стандарттай болох, тэжээх хүмүүст тавигддаг шаардлагыг нэмэгдүүлэх, хариуцлага тооцоход чиглэсэн хуультай болоход хувь нэмрээ оруулах боломжтой юм. Түүнчлэн хяналтгүйгээр үржүүлэх, амьтанд харгис хэрцгий хандаж байгааг зогсоох, тоо толгойг нь багасгахын тулд буудаж устгах аргыг өөрчлөх зэрэг асуудлуудад ч дуу хоолойгоо нэгтгэж байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна