ХЭРГИЙН ГАЗРААС СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ: Эцэг эхийнхээ өрийн барьцаанд хүний нутагт, харийн хүмүүстэй үлдсэн 10 настай охины түүх

Admin
2025/02/15

Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Хүндэт доктор”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч Загдын Батсүхийн Хэргийн газраас  сурвалжилсан тэмдэглэл номоос... Энэхүү ном дээр дурдагдсан үйл явдлууд нь  шүүхээр таслан шийдвэрлэгдсэн бодит гэмт хэргүүд болно.

Дугаар зургаа: “Харь газар орхигдсон охин”

Хүнд хүн шиг хэрэгтэй юм гэж хаана ч үгүй гэдэг. Тэр тусмаа хорвоод хүн болж төрсний нэг баяр баясгалан нь үр хүүхдээ үзэж, удам угсаагаа үлдээх явдал билээ. Үртэй хүн жаргалтай. Анхны үрийнхээ дууг сонсож, зулайг нь үнэрлэн суухад ямархан аз жаргалтай байдгийг  хүн бүхэн мэднэ. Гэтэл өнөөдөр тээж төрүүлсэн үр хүүхдээ нялх балчираас нь зөнд нь орхиж, эцэг эхийн асрамж, хайр халамжийг мэдэхгүй тэнэмэл золбин хүүхдүүд газар сайгүй бий болов. Тэр ч байтугай үр хүүхдээ зодож гэмтээх, гудамжид хөөж гаргаад тэр чигээр нь сар жилээр мартах, бусдын золиос болгох явдал ч гарсаар байна. Харь оронд хар элэгтний гарт төрүүлсэн охиноо өрийн барьцаа болгож орхичхоод ирсэн, өөрсдөө нутагтаа ирээд жил болж буй эцэг эх байна гэхэд сонсогч, уншигч та итгэхгүй байх. Итгэхийн ч аргагүй юм.

О.Цэцэг гэдэг 32 настай залуухан бүсгүй ОХУ-ын Железногорск хотод барилгын ТМС, Украйны Донецк хотын үйлдвэр сурганы сургуульд суралцаж төгсөөд Улаанбаатарт буй нөхөр Б.Баяр, охин Б.Болор нараа аваачиж оюутны байрандаа суурьшжээ. Тэд Оросын хот тосгон дамжин ганзагын наймаа хийдэг байсан ба оюутан ахуйн танил тэр нутгийн хүмүүстэй хоршин эхний жилүүдэд амьдрал нь болж бүтэж л байсан аж. Гэвч сүүл рүүгээ олохоосоо алдах нь ихэсч, гурван биеэ хооллож дийлэхгүйд хүрсэн байна.

О.Цэцэг ярих нь: Би нөхөр, охин хоёроо эндээс аваачиж сургуулийнхаа дотуур байранд 1993-1995 оны хооронд  амьдарсан. Нэг сургуульд хамт суралцаж байсан Валерий гэдэг Азербайджан залуутай хамтран наймаа хийсэн. Наймаанд шатаж мөнгөгүй болсноос шархаа нөхөх зорилгоор Валерийгаас 4350 доллар зээлж, Москвагаас бараа “дарахаар” явсан. Тэгтэл дахиад шатаж бүүр сүйрсэн.

Өрийн 4350 доллароо төлөх чадваргүй болсон. Валерий маань зээлсэн мөнгө, түүний хүүг тооцон нэхэж, бидэнд байнга сэтгэл санааны дарамт шахалт үзүүлж, сүүлдээ элдвээр сүрдүүлэн айлгаж занаж байсан.  Бид хаанаас юугаараа мөнгө олох билээ дээ. Хүний нутагт үнэхээр хэцүү юм байна лээ. Ингээд тэр найз маань мөнгө нэхэж, бид шаналсаар нэлээд хугацаа өнгөрсөн. Гэтэл нэг шөнө манай хаалгыг балбаж, бараг шөнө дунд болж байсан байх. Урьд нь огт зүс үзээгүй хоёр булиа залуу орж ирээд “Та нар хүний валют авчхаад эргүүлж төлөхгүй удаж байна.  Та нарт манай нутагт амьд явах баталгаа байхгүй шүү”одоохон мөнгөө гаргаж өг гэж сүрдүүлсэн. Үнэхээр юу ч байхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл биднийг шууд айлган сүрдүүлж, охиныг маань хувцаслан хөтлөөд гарсан. Охин маань уйлж эсэргүүцэж байсан ч тэд машинд хүчээр оруулаад аваад явчихсан. Би элдвээр гуйсан. Тэд миний үгийг огтхон ч тоогоогүй. Харин та нар цагдаагийн газарт мэдэгдэх юм бол гурвуулаа хорвоогоос алга болно гэдгийг мэдээрэй.

Бид өөрийн газар нутагтаа байгаа хүмүүс шүү. Та нарт ямар ч өршөөл энэрэл байхгүй. Та нарыг хэн хамгаалах юм бэ? Үүнийг сайн ойлго, хэмээн сүрдүүлсэн. Би яах ч учраа олохгүй, цочирдож уйлан зогсож байсан. Энэ үйл явдал 1995 оны 4 дүгээр сарын 25-нд болсон юм. Тэд нар хэлэхдээ: Бид охиныг чинь аваад үлдэнэ. Та нар хэл чимээгүй маргааш нутаг руугаа буц. Богино хугацаанд мөнгө валют олоод буцаж ир. Эс тэгвээс энэ явдал сайнаар төгсөхгүй шүү ! гэж хэлж байсан. Нөхөр бид хоёр яах ч учраа олохгүй, тэдний үгэнд орж маргааш нь нэг хүнээс хэдэн рубль зээлж замын зардал хийгээд нутагтаа буцаж ирсэн. Нутагтаа ирээд мөнгө төгрөг олох гэж хөөцөлдсөөр бараг жил болох гэж байна гэв.

Даан ч дээ!... амьд хүн аргатай гэсэн үг байдаг даа хэмээн хэлж тэр бүсгүйтэй хэдэн үг сольсон юм.

-           Та хоёрт ээж аав, ах дүү бий биздээ?

-           Бүгд байгаа,тэдэн дотор мөнгө гаргаад өгчих чадал бололцоотой хүн байхгүй.

-           Энэ олон пүүс, компаниас мөнгө зээлж болохгүй юу?

-           Зөндөө хүнээс гуйсан, нэг нь  зээлүүлэхгүй юм. Бас эмэгтэйчүүд, улаан загалмайн нийгэмлэг зэрэг олон газраар орж тусламж хүссэн, харж хандах газар нэг ч алга.

-           Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-           Ердөө ганцхан охинтой. 1986 оны 10 дугаар сарын 30-нд төрсөн юм.

-           Ганц охиноо хүний нутагт таньж мэдэхгүй харь хүний гарт орхичхоод санаа зовохгүй байна уу?

-           Зоволгүй яахав. Өдөр шөнөгүй бодогдож, нойр хоолноосоо гарах дөхсөн амьтан л явж байна. Охин маань их сэргэлэн цовоо, Оросоор сайн ойлгодог, бас ойр зуур ярьж чаддаг юм.

-           Охиноо өрийн барьцаанд орхисноос та хоёрын хэн нэг нь үлдсэн бол дээр байсан юм биш үү?

-           Тэгж бодсон л доо. Тэгтэл нөгөө хүмүүс бид хоёрыг үлдээхгүй түргэн явж мөнгө олж ир, заавал охиныг чинь үлдээнэ гээд аваад явчихсан юм. Тэдний аймшигт сүрдүүлгээс айж сандраад учраа ч сайн ололгүй тэдний үгээр л нутаг руугаа буцсан юм. Одоо тэгээд яая гэж бодож байна даа?

-           Мөнгө олохыг л бодож байна. Хүмүүс туслах байх гэж горьдох юм. Мөнгөгүй бол тийш ээ очоод нэмэргүй.

-           Та хоёр ирснээсээ хойш охин руугаа нэг ч удаа очилгүй өдий хүрч байгаа юм уу? Хэл чимээ байхгүй юу? Тэр нялх амьтан одоо ер нь ямаршуухан янзтай, бие сэтгэл нь юу болж байгаа бол оо?

-           Өр төлөх мөнгөгүй болохоор очиж чадахгүй байсаар өдий хүрлээ. Одоо зээлийн хүүтэйгээ нийлээд бараг арваад мянган доллар нэхэгдэх байх. Охины маань байдлын талаар тэр хотод нь наймаа хийж яваа миний нэг дүү уулзаж захиа ирүүлсэн гэв.

 

О.Цэцгийн дүү нэг удаа охинтой нь уулзахаар Валерий гэгчийн гэрт очсон тухайгаа захианд бичжээ. Болороо намайг үзээд учиргүй их уйлж:

- Миний ээж, аав хоёр яагаад намайг ирж авахгүй байгаа юм бэ? Би ээж, аав хоёроо их санаж байна. Хурдан ирж ав гэж хэлээрэй гэж дахин дахин гуйж байна лээ.

Түүний сүлжмэл гэзгийг нь тайраад хаячихсан байна. Яагаад тайрсныг нь асуухад толгой нь бөөстсөн учир үсийг нь тайрсан гэж байна лээ.

Болороо турж эцээд бүүр царай алдсан, их гуниг шаналантай, санаа сэтгэлээр унасан байдалтай болчихсон байна лээ. Намайг аваад яваач гэж дагаж уйлсан. Нөгөөдүүлээс нь гуйсан ч зөвшөөрөхгүй, заавал эцэг эхэд өгнө гэсэн. Чухам ямар замаар мэдсэнийг бүү мэд. Украйнд суугаа Монгол улсын элчин сайдын яамныхан энэ охины талаар манай гадаад харилцааны яаманд албан бичиг ирүүлсэн байна. Охиныг барьцаалсан хүмүүс эцэг эх нь ирэхгүй, хэл чимээгүй удсанаас арга буюу Монголын Элчин сайдын яаманд мэдэгдэж, Элчин сайдын яамнаас мөнгө нэхэж байж ч болох талтай. Ийнхүү арван нас ч хүрээгүй ганц охиноо арилжаа наймааны золиос болгон орхичхоод яваа энэ хоёр залуу аав ээжийг яалтай билээ. Тэр муу нялх охиныг амьдаар нь тамлаж, арьс махтай нь хатааж байгаад хэн буруутай вэ? Амь насаараа ч дэнчин тавьж алаг үрээ зовлонгоос салгах нинжин сэтгэл ухаант хүнд байтугай араатан жигүүртэнд ч байдаг шүү дээ.

   


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна