Авлигын гэмт хэргээр олж авсан Лондон хотод байрлах 2,6 тэрбумын үнэлгээтэй орон сууцийг юунд зарцуулав?

Admin
2025/02/13

Авлигын хөрөнгийг буцаан авах нь авлигатай тэмцэх ажлын чухал хэсэг юм. Энэ нь авлигын  гэмт хэрэгт оролцсон албан тушаалтнууд болон гэмт хэрэгтнүүдийн хууль бус аргаар олсон хөрөнгийг хураан авч, буцаан олгох үйл явц билээ. Ингэснээр зөвхөн гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох төдийгүй, авлигын хэрэгт хохирсон талыг хохиролгүй болгоход чиглэдэг.

 Тэгвэл манай улс  авлигын хөрөнгийг эргүүлэн эх орондоо авчирсан анхны үйл явдал 2022 онд болсон юм. Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн ТӨҮГ-ын үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан З.Ганбаатар уурхайн худалдан авалтын гэрээг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хууль бусаар байгуулж хэд хэдэн сая доллар залилсан байдаг. Дараа нь тэрээр хууль бусаар олсон орлогоо Монгол, Их Британи, Латви зэрэг улсуудад нуусныг АТГ илрүүлсэн юм. Энэхүү хэргийн хохирол нь 6,4 тэрбум бөгөөд задалбал 1,8 тэрбум төгрөгийг бэлнээр 269 сая төгрөгийн үнэ бүхий 2 үл хөдлөх хөрөнгө мөн Лондон хотод байрлах 4,6 тэрбумын үнэлгээтэй орон сууцыг нуун дарагдуулсан байна. З.Ганбаатарын төрсөн дүүгийнхээ нэр дээр авсан Лондон хотод байрлах 4,6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 110м2 дөрвөн өрөө орон сууцыг АТГ илрүүлсэн даруйдаа буюу 2019 оны 2 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж 2022 оны эхээр эцэслэн шийдвэрлэж, хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан билээ.  Харин “Эрдэнэт” үйлдвэр тус гэмт хэргийн хөрөнгийн орлого буюу Лондон хотод худалдан адсан орон сууцыг 100 хувь “Энэрэл” асрамжийн газрын тогтвортой, байнгын санхүүжилтийн эх үүсвэр болгон үлдээхээр шийдсэн байна. Тус орон сууцыг “Эрдэнэт” үйлдвэр түрээсэлдэг бөгөөд түрээсийн орлого сард 2500 фунт стерлинг бөгөөд энэ нь бүхэлдээ асрамжийн газарт зарцуулагдах юм.  Эрдэнэт хотын Энэрэл” хүүхэд асрах төв нь тус аймгийн хамгийн том ажил олгогч болох “Эрдэнэт” үйлдвэрийн харьяа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

 “Энэрэл хүүхэд асрах төвд одоогоор 300 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь дөрвөн настайдаа эцэг эхээсээ хагацаж  бүтэн өнчин үлдсэнээр ирдэг байна. Тиймдээ ч эдгээр хүүхдүүд нас биед хүрч эрийн цээнд хүртлээ буюу зарим тохиолдолд 22 нас хүртлээ ч амьдрах нь бий. "Энэхүү санхүүжилтийг олгосноор  “Энэрэл” асрамжийн газрын төв байрыг мэргэжлийн түвшинд засварлан сайжруулах, хүүхдүүдийн өрөөг тохижуулах, сургалт дугуйланд суулгах, тэмцээн уралдаанд оролцуулах, хүслийн шинэ жилийг нь тэмдэглэх гээд тэдний  олон жил хүсэж байсан хүсэл нь биеллээ олох юм. “Энэрэл” асрамжийн төвөөс амьдралд хөл тавьсан  хүүхдүүд өнөөдөр нийгмийн олон салбарт түүчээлэн ажиллаж байна. Тус төвд 4 жил амьдарч буй  Анар  нь Англи, Орос хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд таблет, компьютер зэрэг сурч боловсрох нөхцөл, боломжоор хангагдсан тухайгаа ярьж байсан юм.Ийнхүү Монголын анхны гэмт хэргийн хөрөнгийг амжилттай  буцаасан энэ үйл явдал нь Энэрэл төвийн хүүхдүүдийн амьдралд гэрэл болж чадлаа.

Сонирхуулахад авлигын хөрөнгийг буцаан авсан дээрх үйл явдлаас хойш АТГ  “Мэн арлын”, “Виржиний арлуудын”, “Салхитын мөнгөний ордын”, “Эрүүл мэндийн төслийн” гэхчлэн хэд хэдэн хэргүүдийг мөрдөн шалгаж 2020 оноос эхлэн буцаан авчирсан хохирлын нийт мөнгөн дүн одоогийн байдлаар 13.9 сая ам.долларт хүрээд байгаа билээ. 

Дотооддоо авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, битүүмжлэн хамгаалах ажиллагаа мөн тасралтгүй хийгдсээр байна.

Тухайлбал,

  • 2019 онд 11.3 тэрбум төгрөг
  • 2020 онд 35.6 тэрбум төгрөг
  • 2021 онд 96.2 тэрбум төгрөг
  • 2022 онд 2.3 их наяд төгрөг
  • 2023 онд 238.6 тэрбум төгрөг
  • 2024 онд 240.9 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.

 АТГ-ын мөрдөгчид сүүлийн 6 жилийн хугацаанд гадаад, дотоодоос нийтдээ 3.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, улсын төсөвт оруулаад байна. 

       


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна