Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Хүндэт доктор”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч Загдын Батсүхийн Хэргийн газраас сурвалжилсан тэмдэглэл номоос... Энэ хүү ном дээр дурдагдсан үйл явдлууд нь шүүхээр таслан шийдвэрлэгдсэн бодит гэмт хэргүүд болно.
ДУГААР ГУРАВ
Эрүүл саруулдаа төрсөн үрээ зодсоор байгаад амь насыг нь үгүй хийчих эцэг хүн ховор буй за, харин архины солиорсон халуурал, уурын мунхгаар хүүгээ зодож элдэвлэсээр амийг нь халиачихсан нэгэн архичин эцгийн гэмт үйлдлийг энд бичиж, архинд донтдог, авгай хүүхдээ зодож дүвчигнэдэг, агсам эрчүүдэд зориулъя.
Намсрайн Лхагвасүрэн гэгч эр 1940 онд төрсөн, зуугийн талыг давтлаа насалсан, хүний амьдралын жаргал зовлонг үзсэн нэгэн халх эр. Тэрээр цахилгаан, сантехникийн мэргэжилтэй, эхнэр, таван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 15 дугаар хороололд амьдарч байсан. Лхагвасүрэн өдий наслахдаа гавьяа шагнал, ял шийтгэл хүлээж яваагүй ажээ.
Харин тэр нэг хар өдөр бол 8 дугаар сарын 22-ны Бямба гариг байв. Намрын шар нар гарсан налгар сайхан өдөр байлаа. Удахгүй хүүхдүүд нь сургууль хичээлдээ орно. Гутал хувцас, дэвтэр харандаа олж бэлтгэх цаг. Энэ өдөр Н.Лхагвасүрэн эхнэрийн хамт барааны зах орохоор явжээ. Захаас буцах замдаа танил Мягмарынхаар орж, шил архи хувааж уугаад түүнийг дагуулан гэртээ ирэв.
Охин Л.Нарансүлд, Л.Нарантөгс хоёрт мөнгө өгч “шаг”-ийн архинд гүйлгэв. Ингэхдээ нэгийг биш гурван лонх архи авчруулж тухалжээ. Лхагвасүрэн, Мягмартай хуучлан сууж хоёр лонх хоослоод нэгэнт шөнийн 24 цаг өнгөрсөн тул түүнийг гэр рүү нь замын машинд суулган явуулсан байна. Архины халуун, аашны ааг нь багтаж ядсан тэрээр ахиж уумаар, аль эсвэл дуулмаар, уйлмаар, үгүй бол сайхан агсам тавимаар санагдан гэртээ эргэж орж ирэхэд оройноос хойш гэртээ байгаагүй хүү Л.Нар-Олдох нь ирчихсэн сууж байхыг харжээ. Ингээд хүү рүү гээ дайрч “Чи хаагуур орой болтол тэнэв. Яагаад үгэнд ордоггүй юм бэ?” хэмээн орилж түүнийг буйдан дээр түрүүлгэ нь харуулан дарж хоёр гарыг мушгин ар далан дээр нь зөрүүлээд нуруун дээр нь сууж өмдийг нь шувтлан хатуу ултай гутлаар бөгс рүү нь хэд балбажээ.
Дараа нь босгож ирээд түүнийг алгадахад Лхагвасүрэнгийн зууж байсан тамхи амнаас нь сугарч унав. Түүнд бухимдан асаалттай тамхиа шүүрч аваад хүүгийнхээ ам руу чихэх гэж оролдоход хүү нь толгойгоо хоёр тийш хөдөлгөөд байж. Үүний улмаас Нар-Олдохын хоёр хацар, завж нь тамхины галд түлэгдсэн байна. Согтууран галзуурсан эцгийнхээ хүч түрсэн дарангуйлал яргалалд өртсөн 12 хон настай балчир хүүгийн бие эрхтэн тэрхэн үед дааж давшгүй гэмтэл шарх олоод байсныг “согтуу” эцэг нь анзаарах сөхөө ч байсангүй. Тэр мөчид бяцхан хүүгийн зүүн мөр нь мултарч, баруун гарын шуу нь хугарсан, нүүрний арьс нь түлэгдсэн, толгой цээж рүүгээ олон удаа хүнд гараар нүдүүлснээс ухаан нь орж гаран амь нь тэмцэж байв. Бяцхан хүү эцсийн хүчээ шавхан “Аав аа, намайг өршөөгөөч!”Би дахиж ингэхгүй” хэмээн орилоход эцэг нь амандаа зууж байсан цогтой тамхиа түүний хоолой руу шидээд санаа нь амарчээ. Үүгээр нөгөө хүү ч бас зодуур тарчлалаас салж амарчээ. Амрах амрахдаа нарт хорвоог үүрд орхин, мөнх нойрсох чимээгүйд одсон ажээ.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 280 тоот актын дүгнэлт:
Хохирогчийн биед зүүн мөр нь мултарсан, баруун шууны ясны далд хугаралт, нүүрний арьсны өнгөц түлэгдэлт, цээжин бие болон дөрвөн мөчний зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл, мөн уушгины гялтан, зүрхний гадаргуу, бөөрний тэвшинцэр дэх цэгчилсэн цус харвалт, амьсгалын замд гаднын биет буюу тамхины иш орсон зэрэг өөрчлөлттэй байна. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, халууны нөлөөгөөр үүсгэгджээ. Үхэлд хүргэх өвчингүй байна. Үхлийн шалтгаан нь: Амьсгалын замд гаднын биет болох тамхины утаа, цогтой иш орсноос уг хүн амьсгалын бүтэлт болж нас барсан гэжээ.
Хохирогч, хүүгийн ээж С.Лхамсүрэн
Тэр шөнө манай нөхөр, хүү Нар-Олдохын өмдийг тайлж байгаад зодсон. Хүүг зодоод эхлэхэд хоёр охин маань айгаад гараад зугтаачих шиг болохоор нь араас нь гарсан. Гадуур эрээд олдохгүй хэсэг хайж яваад эргээд орц руу орж ирэхэд охин Нарансүлд 7 дугаар давхрын шатан дээр зогсож байсан. Харин нөгөө охин маань гэр дотроо нуугдчихсан байгаад тэндээ унтсаныг нь маргааш нь мэдсэн. Би шөнө охиноо дагуулж гэртээ орох гэж хаалгаа удтал нүдсэн боловч тайлж өгөөгүй. Их согтуу байсан болохоор нам унтчихсан байх гэж бодоод шатан дээр охинтойгоо сууж байгаад дугхийсэн байсан. Сэрэхэд радио дуугарч байсан. Хаалга тогшиход манай нөхөр онгойлгож өгсөн. Совин, зөн ч юм уу оронгуутаа хүүгээ хайтал том өрөөнд буйдан дээр өөдөө хараад хэвтэж байсан. Очоод гарыг нь барьтал бүр хөрөөд хөшчихсөн байсан.
Насанд хүрээгүй гэрч Л.Нарантөгс:
Тэр шөнө аав ахыг зодох гээд бариад авахаар нь айгаад том өрөөний буйдан доогуур ороод хэвтчихсэн юм. Гэтэлд аав тэр өрөөнд ахыг оруулж ирээд зодсон. Орон доогуур байсан болохоор яаж зодсоныг нь хараагүй. Аав зодоод л байсан, ах уйлаад одоо дахиж тэгэхгүй гээд л байсан. Би айгаад дугарч чадаагүй. Би тэгээд унтчихсан байсан учир хэр удаан зодсоныг мэдээгүй. Тэгээд өглөө радио дугарахад сэрж, босоод харахад буйдан дээр ах унтаж байх шиг байсан. Нүүр нь энд тэндгүй хөхөрчихсөн., хацар нь аймаар түлэгдчихсэн байсан. Ээжийг гаднаас орж ирсэн хойно л би ахыг аав зодоод алсан байна гэдгийг мэдсэн.
Гэрч Л.Нарансүлд:
Аав ахыг зодоод байх үед дүү маань гэнэт алга болчихоор нь хайж гадагшаа гарсан юм. Олдохгүй хайж явтал ээж араас гарч ирсэн. Хоёулаа хайгаад ололгүй буцаж ирсэн. Хаалга тайлж өгөхгүй болохоор ээж бид 2 найман давхрын шатан дээр сууж байгаад унтсан. Өглөө гаднаас орж ирээд ээжийг уйлаад байхаар нь учрыг мэдсэн.
Яллагдагч Н.Лхагвсүрэн:
Тэр орой Мягмар бид 2 шагаар гурван шил архи авсны хоёрыг нь хувааж уусан. Шөнө орой болсон, барагцаалахад 1 цагийн үед байх. Би хүүгээ хашраая гэж бодоод хоёр гарыг нь ар талд нь авчирч дээш өргөөд буйдан дээр хэвтүүлж нуруун дээр нь сууж байгаад өмдийг нь шувталж зодсон. Дээр нь суугаад зодож байхад Нар-Олдохын амьсгаа нь бачуураад байгаа нь мэдэгдсэн. Бас өмхий үнэртээд байхаар нь сайн хартал чацга алдчихсан байсан. Тэгэхээр нь босож гараа угааж ирсэн.
Чи дандаа худлаа хэлдэг. Худал хэлдэг амыг чинь түлнэ гэж асаатай байсан тамхиа ам руу нь чихэх гэхэд толгойгоо хоёр тийш хөдөлгөөд байсан. Тэр үед би хүүгийнхээ нүүрний хоёр хэсэг газар түлсэн юм. Дараа нь хүүгээ орилж байхад нь тамхины ишийг амруу нь хийхэд ширр гэж дуугараад унтарч байсан юм. Тэгээд би яасныг мэдэхгүй, нэг мэдсэн хаалга тогшихоор нь тайлахад авгай орж ирсэн. Хэдэн цаг болж байсныг ч мэдэхгүй. Би хаалга тайлж өгчхөөд шууд эргэж орондоо орсон. Авгай том өрөөнд орчхоод удалгүй над дээр ирж “Чи миний хүүг зодоод алсан байна. Хамаг бие нь хөшчихсөн байна шүү дээ” гэхээр нь очоод үзтэл Нар-Олдох үнэхээр нас барсан байсан. Тэгж л хүүгийнхээ амь насыг хохироосон гэдгээ ойлгосон. Шууд цагдаагийн газар руу өөрөө очиж хэлэхээр явсан” гэж мэдүүлжээ.
Н.Лхагвсүрэн архи уудаггүй, агсам тавьдаггүй байсан сан бол өнөөдөр хэдэн хүүхдээ тойруулчихсан гэрийнхээ хойморт налайж суух байлаа. Тэрээр бусдын ятгалга, сүрдүүлэг дарамт, амь тэнссэн аргагүйн эрхэнд ийм байдалд хүрсэнгүй. Архинд донтон согтуурч, авгай хүүхдээ айлган ичээж, агсарч сүржигнэж байдгийн гай, олон хавар нэгэндээ гэдгийн үнэн нь энэ ажээ.
Н.Лхагвасүрэн биерхүү өндөр нуруутай, лагс зузаан хүн бөгөөд ер нь залуугийнхаа хүч бярдаа эрдсэн, аливаад хүч түрэмгийлэн харьцахыг урьтал болгодог аагархуу нэгэн байжээ. Бүх хүнийг согтуу байх үед авгай, хүүхдүүд нь дэргэд нь байх, өөдөөс нь үг хэлэх битгий хэл болж л өгвөл нүдэнд нь өртөхгүй байхыг хичээж, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явсан гэдэг нь тэр нэгэн эмгэнэлт шөнө болж өнгөрсөн үйл явдлаас хэн хүнд тодорхой ойлгогдоно байх. Лхагвсүрэн анх цаазаар авах ял оноосон боловч ар гэрийн ахуй амьдрал, хэдэн хүүхэд, өөрийнх нь гуйлтаар амь хэлтрээд олон жилийн ялыг хорих ангид эдлэхээр болсон юм. Харин эхнэр хүүхэд нь амьдрахын эрхээр байр сууцаа зарж, хотын зах барааджээ. Уг нь тэднийх хотын төвийн шинэ есөн давхрын тохилог хоёр өрөөнд амьдардаг айл шиг л айл байсан ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна