2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр гааз тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн хүнд оврын машин “Патрол” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж, ажил үүргээ гүйцэтгэж явсан гал сөнөөгч 3, энгийн 4 иргэн амь насаа алдсан билээ. Тэгвэл тус ослын хэргийн талаар нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл өглөө.
Тодруулбал: Хэргийн мөрдөн шалгах ажлын явцад 8 төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гаргасан. Хавтас хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтад тулгуурлан осол гарахад “Патрол” маркийн машины жолоочийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Харин “Дашваанжил” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой осол гарсан гэх дүгнэлтэд хүрч, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах газрын ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Б болон ажилтан Ч.Р нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтын хүрээнд “Дашваанжил” ХХК-ийн удирдлага Н.Б болон ажилтан Ч.Р нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны акт зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож байсан жирийн 4 иргэн, албан үүргээ гүйцэтгэж явсан онцгой байдлын 3 албан хаагч, нийт 7 хүний амь насыг хохироосон. Мөн ослын улмаас 5 хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүнд хүндэвтэр хохирол учирснаас гадна иргэдийн болон хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, улмаар “Дашваанжил” ХХК-ийн 2 албан тушаалтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, 11.3 “Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан”, 11.5 “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэдгээр гэмт хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлээд байна” гэв.
Сэтгэгдэл (3)