Өвлийн морин уралдааныг хориглосон нь уламжлалт өв соёлоо устахад нөлөөлж байна

Admin
2025/01/28

Монголчууд даяаршлын хөлд уламжлалт өв соёлоо давтуулж бүдгэрсээр байгаа ч Төрөөс энэ тал дээр дорвитойхон арга хэмжээ авсан гэж хэлэхэд хэцүү. Арга хэмжээ авах нь бүү хэл өөрсдөө тушаал шийдвэр гарган, уламжлалт өв соёлоо даяаршлын хөлд давтуулахад дэм болсон гэхэд хэтийдэхгүй. Учир нь Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сард “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон” шийдвэр гаргасан.

Энэ бол уламжлалт өв соёлоо боомилж байгаа хэрэг. Монголчууд эрт дээр үеэсээ хурдан морио сойн цэнгэж ирсэн төдийгүй түүнийг дагасан өв соёлоо дээдэлж, түгээж ирсэн түмэн. Идэр есийн хүйтэнд хурдан морьдоо цантуулан сойж, айл саахалт, баг бүлгээрээ цугларч сунгаа, уралдаан зохион байгуулахаас эхлээд бүхий л түвшинд адуугаараа олон зуун жил наадаж ирсэн түмэн. Шуудхан хэлэхэд үндэстэн оршихын нэгэн том тулгуур багана юм. Хамгийн эмгэнэлтэй нь бид энд ийнхүү өв соёлоо боомилж байхад хятадын өөртөө засах орон өвлийн уралдааныг тусгайлан хөгжүүлж, 2024 онд гэхэд өвлийн морины уралдаан дагасан 17 сая жуулчин хүлээн авснаар 23.14 тэрбум юанийн орлого олжээ. Манай нэг жилийн төсвийн гуравны нэг хувийг өвлийн морин уралдаанаас олчихож. Гэтэл бид аялал жуулчлал хөгжүүлнэ гээд хэдэн шавар амбаар, хөшөө босгох төдийхөн ойрыг харж сууна.  
Өвөрмонголд өвлийн морин уралдааныг тусгай бодлогоор хөгжүүлж байгаа бөгөөд Шилийн голын Үзэмчин хошуунд өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 18-нд хурдан морины уралдаан эхэлж, энэ өвөл болох өвлийн цуврал уралдааны салхийг хагалжээ. Өвөрмонголын морин спортын супер лиг дөрвөн тэмцээнээс бүрддэг. Эхний тэмцээн арваннэгдүгээр сарын 18-нд эхэлдэг байна. Зөвхөн энэ удаагийн тэмцээнд гэхэд 200 гаруй морьтон оролцохоор бүртгүүлсэн нь өвлийн морин уралдаан, адуу дагасан менежмент хүчтэй хөгжиж байгааг харуулна. Энэ байдлаараа бол тун удахгүй хятадууд монголчуудын адуу дагасан уламжлалт өв соёлыг ЮНЕСКО-гийн соёлын өвд “Биднийх” хэмээн бүртгүүлчихэж мэдэхээр байна. Бидний харалган бодлого, энэ мэт буруу тушаал шийдвэр нь олон зүйлээ алдахад хүргэж байсныг мартаж болохгүй. 
Хэдхэн жилийн өмнө цагийн хатуу, цасны нимгэн зузааныг үл ажран уралдаж явсан монголчууд өнөөдөр хөрш зэргэлдээ орныхоо адуу дагасан хөгжлийг шагшран суухаас үл хэтэрнэ. Монголын шилмэл хурд чуулдаг “Дүнжингарав” хэмээх өвлийн уралдаан бол зөвхөн хэдэн хүн наадаж цэнгэх биш олон зүйлийн суурь шалтгаан болсон наадам. Хамгийн наад зах нь өвлийн том жижиг уралдаан дагасан бичил бизнес өрнөж байдаг. Үүнийг дагасан бүхэл бүтэн амьдрал бий. Уг нь уяачид маань нэгэн үе зуны уяа морьдоо “Наран цагийн”, өвлийн уяа морьдоо “Махан тарганы” хэмээн ангилан уралдуулж, мэргэжлийн тал руугаа орох төдийгүй гадна дотны хүмүүсийг татаад эхэлчихсэн байсныг ийнхүү хориглоод таван оныг үдлээ. Тэгэхээр Засгийн газар уг шийдвэрээ эргэн харж, Монгол Улсын оршин тогтнох нэгэн тулах багана болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхаарна гэдэгт найдна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна