Нийслэлийн ИТХ-ын ээлжит II хуралдаан өнөөдөр /2025.01.27/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандарт, Улаанбаатар смарт карт ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ зэрэг 16 асуудлыг хэлэлцэх юм.
НИТХ-ын төлөөлөгчдөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж байна.
Хотын Ерөнхий архитектор Ч.ТӨГСДЭЛГЭР:

-Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь үндсэн зургаан зорилготой. Тодруулбал, тогтвортой, тэсвэртэй, дасан зохицох чадамжтай, хүртээмжтэй, хэмнэлттэй цогц хот байхаар зорьж байгаа. Улаанбаатар хот бол УИХ-ын 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэлтэй хоёр хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул дөрвөн хоттой болсон. Үүнээс онцолбол, Агро сити болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсүүдтэй байна. Партизан тосгон буюу Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалантын тосгоныг Агро Сити буюу хот орчмын хүнсний хангамж, ногоо үйлдвэрлэдэг татварын хөнгөлөлттэй бүс байдлаар хөгжүүлэхээр болсон. Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс нь барилга байгууламжийнх байхаар төлөвлөсөн. Эдийн засгийн төлөвлөлт талаасаа Улаанбаатар таталцал, нөлөөллийн бүсийг нийт таван бүсэд хуваасан байна. Баруун, баруун хойд, өмнөд зүүн хойд, зүүн өмнөд гэх орон нутгийн зургаан хөгжлийн төвтэйгөөр төлөвлөсөн. Бүсийн орон зайн төлөвлөлт хамрах нутаг дэвсгэрийн хувьд нийт 470 мянган га газрын нутаг дэвсгэртэй байхаар тодорхойлсон. Хөгжлийн тэргүүлэх чиглэл Улаанбаатар бүсэд бол дээрх хэсгүүдийг төлөвлөж өгсөн.
Хотын хүн амын төлөвлөлтийн хувьд Алсын хараа 2050 бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж 2040 он гэхэд Улаанбаатар хоёр сая 89 мянган хүн амтай байна гэж төлөвлөсөн.
Шинээр байгуулагдах дагуул хотуудад 405 мянган хүн суурьшиж, ажлын байруудыг бий болгож,т хүн амын төвлөрлийг тус хотууд руу чиглүүлэх ерөнхий зорилттой байна. Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд мэдээлэл холбоо, дулааны станцууд, дагуул хот зэрэг бүхий л бүтээн байгуулалт, дэд бүтцийг тусгасан бөгөөд товч танилцууллаа.
Танилцуулгын дараагаар асуулт, саналыг НИТХ-ын төлөөлөгчид солилцож, хариулт авлаа.
НИТХ-ын төлөөлөгч Ү.ОЮУНЗУЛ:

-Энэхүү бодлогын бичиг баримтыг 2020-2024 оны Нийслэлийн иргэдийн хурлын чуулган дээр өмнө нь мөн танилцуулж байсан. Тухайн бодлогын бичиг баримтыг боловсруулсан баг бүрэн бүрэлдэхүүнээр орж ирж мэдээлэл өгч байсан. Тэгэхээр тодорхой ойлголт бол бидэнд байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувьд бодлогын бичиг баримтыг бүхэлд нь дэмжиж байгаа. Тодруулж асуух хэд хэдэн зүйл байна. Энэхүү бодлогын баримт бичгийн гол зорилго нь ерөөсөө л нийслэлийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх гэж би ойлгож байна. Энэ дотроо байгаль орчин амьдрах орчны асуудал нэн тэргүүний зорилт байх юм шиг харагдаж байна. Нэгдүгээрт, одоогоор нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ найман метр квадрат байна гэсэн.
Би андуураагүй бол зургаан метр квадрат байсан чинь хоёр метр квадратаар огцом нэмэгдэнэ. Тиймээс энэ тоон дээр анхаарах хэрэгтэй болов уу. Энэ тоог 35 метр квадрат болгон гэдэг маш их хөдөлмөр, маш их хөрөнгө.
Мөн нарийн төлөвлөлт том баг хэрэгтэй. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Ногоон байх хугацаа нь ердөө гурван сар. Тиймээс төлөвлөлт дээр маш их анхаарах шаардлагатай. 2020-2025 оны нийслэлийн төсөвт байгаль орчин, нийслэлийн ногоон байгууламж зэрэг чухал зорилт руу чиглэсэн хөрөнгө оруулалт хангалттай байгаагүй. Үүнийг маш олон талаас нь тайлбарлаж байсан. Цаашид тэгэхээр хөрөнгө оруулалтыг нэмж байж зорилгодоо хүрнэ. Байгаль орчны хүрээнд тавьсан зорилгоо ямар суурь бодлогоор дэмжиж ажиллах вэ? Мөн эдийн засгийн хувьд ямар төлөвлөлтийг гаргаж ажиллаж байгааг тодруулж байна.
Хоёрдугаарт, цэнхэр дэд бүтцийн асуудлыг ярилаа. Өнөөдөр нийслэлийн иргэдийн хэрэглэж байгаа усны 92 хувь нь гүний ус. Нэг ёсондоо хоёрхон хувь нөөцөөсөө хэрэглэж байна гэсэн үг. Тиймээс энэ асуудал дээр анхаарахгүй бол 10-20 жилийн дараа хотын иргэд ундны усгүй болох эрсдэлтэй. Тэгэхээр усны хэрэглээнд ямар нөөцийг ашиглах бодлого баримталж байна вэ? Саарал усны хэрэглээг хэрхэн нэмэх вэ. Гуравдугаарт, нийслэлчүүд жилд хоёр сая тонн хог хаягдлыг хогийн цэгүүд рүү ачуулдаг. Үүнийхээ 50 хувийг ч бид дахин боловсруулж чадахгүй байна.
Хотын Ерөнхий архитектор Ч.ТӨГСДЭЛГЭР:
-Ногоон байгууламжийн тухайд бид гэр хорооллыг оруулж дунджаар найман мкв гэж гарсан. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт талаас төр-хувийн хэвшлийн түншлэл дээр үндэслэж төрийн болон нийслэлийн төсвөөс биш хувийн хэвшлийн төсвөөр шийдэх төлөвлөлтүүдийг оруулж ирсэн. Ногоон байгууламжийн тухайд гурав ангилж байгаа. Нэгдүгээрт, бичил буюу дүүргийн чанартай, хоёрдугаарт, зуслангийн бүсийн гэхчлэн ангилсан. Усны тухайд 50 хувийг гүний усаар хангахаар төлөвлөсөн. Онцлоод хэлбэл Туус усан төсөл дангаар хэрэгжсэнээр гадаргын усаар ундны усаа хангах боломж бүрдэнэ. Хог хаягдын хувьд 98 хувийг дарж булах байдлаар боловсруулж байна. Хоёрхон хувийг л дахин боловсруулж байгаа.2040 он гэхэд нийт хог хаягдлын 24 хувийг дахин боловсруулах буюу хотын хэмжээнд нийт найман хог хаягдал ангилан ялгах төв байршуулна гэсэн төлөвлөлттэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна