Цахим орчинд хандалт авах зорилгоор өөрийн нэрээ өөрчилж зүй бус үг хэллэг хэрэглэж хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайлал үзүүлдэг хүмүүс нийгэмд ихсэх хандлагатай байна. Ямар ч цензургүй, шүүлтүүргүй сошиал орчинд хэдэн сая хэрэглэгч байгаагийн багагүй хувийг өсвөр насны хүүхэд, залуучууд эзэлдэг. Тэгвэл тэдний хамгийн их цагаа өнгөрүүлж буй орчинд буруу зүйлд уриалж, зүй бус үг хэрэглэх нь даган дуурайх сөрөг үр дагавартай юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүсийг шалгаж, шийтгэл оногдуулж эхэлжээ.
Тухайлбал, сошиал орчинд “Бурхны хүү Баярбаатар” гэх хаягтай залуу лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэрэглэж, илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн хэрэгт цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Өнгөрөгч 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явууллаа.
Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон.
Иймд холбогдогч “Б”-г шүүхээр 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан" гэлээ.
Сэтгэгдэл (2)