"МОНГОЛ ТОЙМ-2024" ОНЦЛОХ ТОЙМ ХҮРГЭЖ БАЙНА

Admin
2024/12/31

Улс төрийн сэтгүүлч, тоймч Б.Ариунтуяагийн тоймийг онцлон хүргэж байна 

 76 ДАРГААС 126 ДАРГА АНГИ БИЙ БОЛГОВ

2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр эхэлсэн “Нүүрсний хулгайчийг зарла” жагсаалын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордноос том хар зоонтогтой гарч ирээд жагсагчдын өмнө нэг зүйлийг амласан байдаг. Энэ нь Монгол Улсад томоохон тогтолцооны өөрчлөлт хийх болно гэсэн юм. Тогтолцооны өөрчлөлт гэдгийг ард түмэн ойлгохдоо сонгох, сонгогдох эрх болон төрийн байгууллагыг хэрхэн сонгохтой холбоотой цогц цоо шинэ өөрчлөлт хийх нь гэж ойлготол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийг сонгох арга, бүрэлдэхүүний тоо хоёрыг л өөрчилсөн байдаг. Үүнийгээ 76 даргаас 126 төлөөлөгч болгоно гэж тайлбарлаж байлаа. Хэрвээ ингэж чадвал Монгол Улс хөгжинэ гэж ард түмэнд ойлгуулж, улмаар парламентын олонхи хуулийн өөрчлөлтийг дэмжсэн юм.

Сонгуулийн тогтолцоог пропорциональ, мажоритар болгон УИХ-ын 76 гишүүнийг 126 болгож нэмэгдүүлэн 78 гишүүнийг томсгосон бүсийн тойргоос, 48 гишүүнийг улс төрийн намын жагсаалтаар нэр дэвшүүллээ. Томсгосон бүсийн тойргийг байгуулахдаа 3-5 аймгийг “нийлүүлж” мандатын тоог 3-10 болгож нэмэгдүүлсэн юм.

Харин улс төрийн намын жагсаалтаар нэр дэвшигчдийг эрэмбэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлүүлж О.Саранчулууныг, ажилчид, хөдөлмөрчдийг төлөөлүүлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг, ахмадыг төлөөлж ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, бизнес эрхлэгчдийг төлөөлж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, залуу үеийнхэнд таалагдах амжилттай яваа бизнесмэн “Ондо”-гийн Ч.Анар нарыг сонгуулийн сурталчилгааны гол пиар болгож, жагсаалтын эхний 10 дотор нэр дэвшүүлсэн юм. Энэ гоё пиарын ард үнэндээ МАН-ын дарга, ЕНБД-ын дарга, хуучин МАХН-ын дарга нарын ойрын хамаарал бүхий хүмүүс жагсаалтад нуугдаж УИХ-ын гишүүн боллоо. Д.Амарбаясгалан Говь-Алтайнхныг, Л.Оюун-Эрдэнэ найз нөхдөө “чирсэн” жагсаалтыг бий болгов. Хожим МАН-ын сонгуулийн жагсаалт ард түмэнд таалагдаагүй нь сонгуулийн үр дүнгээр тодорхой харагдсан юм. МАН-ын гол өрсөлдөгч АН амьгүй шахам болчихоод байхад МАН-тай адил шахуу буюу МАН 18, АН 16 хүнийг жагсаалтаар гишүүн болгов. Учир нь МАН-ын хатуу итгэл үнэмшилтэй ахмад болон дунд үеийн гишүүд жагсаалтыг зарласан цагаас эхлэн голж, нам дотроо багагүй яриа өрнүүлж байв. Жагсаалт бол тухайн улс төрийн намд бэлтгэгдсэн, чадварлаг, шударга, мэргэжлийн улс төрчид байх ёстой гэсэн хүлээлт байсан ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын жагсаалт энэ хүлээлтэд хүрээгүй юм.

2024 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намууд өрсөлдөж, олон намын төлөөллийг парламентад суудалтай болгох гэсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нарын хүсэл биелж, таван нам суудалтай боллоо. Гэхдээ энэ бүгд анхнаасаа жүжиг, хүрэх үр дүн тодорхой байжээ. Тухайлбал, гэмт хэрэгт холбогдож, хугацаанаасаа өмнө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байсан Н.Номтойбаяр болон түүний намыг парламентад суудалтай болгохын тулд Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэх эрхээс татгалзсан дүр эсгэж, олон түмний анхаарлыг түүн рүү чиглүүлж байжээ. Мөн сонгуулийн санал хураалт болохоос хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдын Засгийн газрын шууд харьяаны ЦЕГ-ын баг бүрэлдэхүүн Н.Номтойбаярын сонгуулийн штаб дээр очиж хэдэн өдөр эргэлдсэн нь Н.Номтойбаярыг од болгож, түүнд санал өгүүлэх гэсэн зохион байгуулалттай тактик байлаа.

Өнгөрсөн хаврын турш Засгийн газрын тэргүүний зүгээс явуулж байсан бодлого нь ардчиллын алтан хараазай С.Зоригийг эргэн сануулах сонгуулийн ажиллагаа байсан бөгөөд үүний үр дүнд ИЗНН бусад сонгогчдын анхаарлыг татаж эхэлжээ. ИЗНН парламентад суудалтай болсон шалтгааныг М.Нара-Нарантуяаг сонгох гэж санал өглөө гэж бодож байгаа ч сонгогчид жагсаалтын учрыг төдийлөн ойлгоогүй буюу жагсаалтад хэнийг байгааг ч анзаараагүй улс төрийн бусад хүчинд саналаа өгчээ.

Сонгуулийн жагсаалтын үр дүнгээс харахад нийт сонгогчдын 73 мянган санал авсан ИЗНН 4 суудалтай, 75,1 мянган санал авсан Үндэсний эвсэл 4 суудалтай, 151.1 мянган санал авсан ХҮН нам 7 суудал, 438.5 мянган саналтай АН 16 суудал, 509,4 мянган саналтай МАН 18 суудлыг жагсаалтаар бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний эвсэл, ИЗНН дунджаар 18,2 мянган хүний саналаар нэг хүн жагсаалтаар гишүүн болсон бол Хүн нам 21,5 мянган саналаар нэг хүн гишүүн боллоо. Харин МАН, АН-ын жагсаалтаас сонгогдсон нэг гишүүнд 30-32 мянган сонгогчийн санал оногдож байгаа нь Үндсэн хуулийн шударга байх зарчимд нийцэхгүй байгаа буюу Сонгуулийн тухай хуулийг боловсруулсан ажлын хэсэг хэн бага санал авсан намд илүү суудал хуваарилах дэлхийд байхгүй муу зарчим гаргаж ирсэн нь одоо Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд байна. Олонхи жагсаалын гишүүдийг санамсаргүй буюу бэлтгэгдээгүй нөхдүүдийг нэр дэвшүүлж парламентад оруулсан болох нь намрын чуулганы хугацаанд гишүүдийн ярьсан хэлсэн байр суурь, баримтлаж байгаа бодлогоос харагдаж, нийгэм ч таньж эхлэв. Өөрөөр хэлбэл, бэлтгэгдээгүй улс төрчид нийгмийн дэмжлэг авдаггүй бөгөөд улс төрийн намын жагсаалтад итгэх итгэлийг алдаж байгааг харуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Г.Лувсанжамц нар хөдөөний оюутнууд жорлон ашиглаж чадахгүй байгааг, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал зөвхөн өөрийн хүүхдийг Төрийн ордонд оруулахын тулд гишүүнийхээ эрх мэдлийг ашиглаж журамд өөрчлөлт оруулсан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭХ-ны  ерөнхийлөгчийн хувиар гурван талт хэлэлцээрт орсон мөн БНСУ-д МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувиар айлчилсан зэрэг асуудал хөвөрлөө.

АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫН ЭСРЭГ ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЛАА

Монгол Ардын нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 68 суудал авлаа. Үүнээс 50 гишүүн тойргоос, 18 гишүүнийг жагсаалтаар, АН 29 гишүүнийг тойргоос, 16 гишүүн жагсаалтаар нийт 45 суудалтай боллоо. Хүн нам 8 суудалтайгаас 1 гишүүн тойргоос, 7 гишүүнийг жагсаалтаар,  ИЗНН жагсаалтаар 4 суудал, Үндэсний эвсэл жагсаалтаар 4 суудалтай болж парламентыг таван нам бүрдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн үр дүнд олонхийн суудал авсан нам буюу 50+1 хувилбараар үзэхэд 126 гишүүнээс 68 суудал авсан МАН дангаараа Засгийн газраа байгуулах ёстой.

Гэтэл олонхийн суудал авсан нам Засгийн газраа байгуулах гэсэн Үндсэн хуулийн зарчмыг үл хэрэгсэж, сөрөг хүчний АН, Хүн намтай хамтарч “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй эвслийн Засгийн газар байгууллаа. Ингэснээр Үндсэн хуулийн зарчмыг баримталдаг, хууль ёсыг дээдэлдэг улсын хувьд Үндсэн хуулийн бус, байх боломжгүй Засгийн газрыг байгуулснаар түүхэнд бичигдэн үлдэнэ. Үндсэн хуулийн зарчмыг баримталдаг, эрхзүйт нийгмийг бий болгох гэж зорьж байгаа улсын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АН болон Хүн намын УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээр томилсон захирамжийг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж энэ Засгийн газрын хууль бус үйлдлийг тогтоох ёстой юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн бус  Засгийн газар байгуулсан шалтгаанаа ард түмэнд тайлбарлахдаа өнгөрсөн 30 жилд хийж чадаагүй 14 мега төсөл хэрэгжүүлэхийн тулд хамтарсан гэж хэллээ. Энэхүү 14 төслийг харахад Эгийн голын цахилгаан станц, Хэрлэн тоонот, Орхон Онги ус дамжуулах хоолойн төсөл, Нүүрс хими, кокс химийн цогцолборын төсөл, Зэс боловсруулах цогцолборын төсөл, Гангийн цогцолборын төсөл зэргийг нэрлэлээ. Гэвч эдгээр төслүүд нь яагаад ч хэрэгжиж чадахгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулсан бөгөөд гол шалтгаан нь гадна дотны технологийн олон шалтгааны улмаас хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг нотлосон байдаг.

Монголын ард түмэн МАН-ын төлөө 52 хувийн санал өгч бусад намуудад үлдсэн 48 хувийг хувааж өгснөөр хяналттай, хариуцлагатай, тэнцвэртэй парламентыг бий болгосон ч ард түмний саналын эсрэг, засвар хийсэн Засгийн газрыг ийнхүү 2024 онд байгууллаа. Сөрөг хүчинтэй нэг хөнжилд орсон Засгийн газрын энэ үйлдэл УИХ-д хүртэл халдварлаж, байнгын хороог ч АН, Хүн намынхантай хувааж даргыг нь томилсон юм. Төрийн өмчийн компаниудад, Засгийн газрын бүх яам, агентлаг, газар, хэлтсүүдэд Засгийн газрын хууль бус хамтрал үргэлжилж байна. Түүгээр зогсохгүй жагсаалтаар гишүүн болсон Үндэсний эвсэл наанаа сөрөг хүчин царайлсан ч Засгийн газрын бодлогыг 100 хувь дэмжиж байгаагаа удаа дараалан илэрхийлсэн бол ИЗНН мөн адил Засгийн газрын бодлогыг дэмжиж, хуулиуд дээр санал өгч байна. Оны төгсгөлд ард түмний эсрэг байгуулагдсан эвслийн Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Найрааны Засгийн газар” хэмээн нэрийдэв. 

ТҮГЖРЭЛДЭЭ ГАЦАЖ, УТААНДАА УГААРТСАН НИЙСЛЭЛЧҮҮД МАН-ЫГ 30 ДАХЬ ЖИЛДЭЭ СОНГОЛОО

Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн орон нутгийн сонгуулийг өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулж дууслаа. 32 жилийн хугацаанд дөрөвхөн жил буюу нэг бүрэн эрхийн хугацаанд хотын захирагч Э.Бат-Үүлээр толгойлуулсан АН хотыг удирдаж, үлдсэн 30 жилийн хугацаанд МАН нийслэлийг захирсан байдаг. Өнөөдрийн Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдол, замбараагүй хот төлөвлөлт, газар олголт, гэр хорооллын орчны бохирдол, өргөжин тэлэлтийн гол буруутан маргахын аргагүй МАН болж таарч байна. 30 жилийн хугацааны энэ их алдаа завхралыг засч залруулах, цэвэр агаараар амьсгалах, авто замын орчин үеийн замын сүлжээ, шийдэл, метро, нийтийн тээвэр, такси үйлчилгээ, авто замын зогсоол, барилга байгууламжийн аюулгүй байдал, амарч зугаалах талбай, сургууль цэцэрлэгийн хүртээмж, эмнэлгийн хүрэлцээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлд эргэлт хийх гэсэн хүлээлтэд энэ удаагийн сонгуулийн үр дүн бас л гарсангүй. Иргэд дээр дурьдсан асуудлыг шийдэх улс төрийн хүчнийг сонгох хүсэл сонирхол байна уу гэвэл байгаа. Харамсалтай нь орон нутгийн сонгуулийн тогтолцоо, хэвлэл мэдээллийн тусламжтайгаар ард түмний тархийг угааж байгаа эрх баригчдын үйлдэл шинэчлэл хийх боломжийг Монгол Улсад олгохгүй байна. Тиймээс орон нутгийн сонгуульд 45 төлөөлөгчөөс 40 төлөөлөгчийг МАН-аас сонголоо. Орон нутгийн сонгуулийн өмнө Хотын дарга Х.Нямбаатар хотын гудамж талбай болгон дээр очиж, хувийн пэйжээрээ лайв хийж, чухам өдөр шөнөгүй ажиллаж байгаа дүр эсгэж, иргэдийг хуурах технологи ашиглаж саналыг нь авсан гэдэг нь сонгуулиас хойш тэр амьд үхсэн нь мэдэгдэхгүй алга болсон байгаагаас тодорхой харагдаж байна. Хотын иргэд замын үнэтэй хашлагыг хэдэн арван км-ээр сольж, хэдэн арван тэрбум төгрөг үрж байхад нь нэн чухал шаардлагатай ажил биш гэдгийг хэлсээр байхад дүргүй бух шиг зүтгэсээр байгаад Х.Нямбаатарын баг олонхоороо сонгогдоод байна. Гэтэл Улаанбаатарчууд утаандаа хордож, замдаа түгжирч байгаа ч “манай Улаанбаатар хамгийн гоё бордюртай” гэж хоорондоо шоглон хөөрцөглөж байна. Улаанбаатарын утаанаас салахын тулд түлшээ өөрчилж, зуух тарааж, яндан хөөлсөн ч Улаанбаатар утаанаасаа салахгүй гэдгийг харсаар байж энэ жил дахиад 28 тэрбум төгрөгөөр 32 мянган айлын зуухыг солих шийдвэрийг хотын шинэ удирдлагууд гаргалаа. МАН 30 жил нийслэлд засаглахдаа агаарын бохирдлыг бууруулахад 20 их наяд төгрөг буюу одоогийн ханшаар 6 тэрбум ам.доллар зарцуулж дуусгажээ. 6 тэрбум ам.доллар нь зургаан ширхэг ТЭЦ-4 станцтай тэнцэх хэмжээний цахилгаан станц, мөн бага оврын нэг атомын цахилгаан станц барих мөнгө юм. Гэтэл төсөв захиран зарцуулах эрхтэй эрх баригчид энэ их хэмжээний мөнгийг салхинд хийсгэсээр байхад ард түмэн МАН-ын ажил хийдэггүй төлөөлөгчдөөс салж чадахгүй дахин сонголоо.

УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫГ ЗАРЖ ЭХЭЛСНЭЭР АВЛИГАЛ ЦЭЦЭГЛЭЖ, ИНДЕКС 121-Р БАЙРАНД ЖАГСАВ

Тэртээ 2000 онд одоогийн МАН УИХ-ын 70 суудлыг авч үнэмлэхүй олонх болж, Засгийн эрхийг барихдаа дэд сайдын албан тушаалыг худалдаа наймааны хэрэгсэл болгосон байдаг. Тухайн үед Ерөнхий сайдаар Намбарын Энхбаяр ажиллаж байсан юм. Тэрээр Гадаад хэргийн дэд сайд, Үйлдвэр худалдааны дэд сайд, Хуульзүйн дэд сайд зэрэг улс төрийн албан тушаалд томилогдох хүсэлтэй бизнесмэнүүд болон бизнесүүдийн бүлэглэлийн төлөөллүүдэд 500 сая төгрөгөөр дэд сайдын албан тушаалыг санал болгож, томилсон цагаас Монгол Улсад авлигал цэцэглэж эхэлсэн юм. Тухайн онд буюу 2000 онд Монгол Улсын авлигын индекс анх удаагаа нэмэгдэж эхэлснээр 2024 оны авлигын индекс 121-р байранд орох хүртэл үргэлжилж, байдал улам бүр уруудан доройтож байна. Тухайн үеийн 500 сая төгрөг бол асар их хэмжээний мөнгө бөгөөд Гадаад хэргийн дэд сайдаар “Алтай трейдинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Сү.Батболдыг, Үйлдвэр худалдааны дэд сайдаар Я.Содбаатарыг, Хуульзүйн дэд сайдаар тухайн үеийн өмгөөллийн товчооны өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Мөнх-Оргилыг томилж байлаа.

Өнөөдрийн байдлаар авлигалын гэмт хэрэг улс төрийн намуудын түвшинд, төрийн албаны дээд, доод, дунд шатанд, төсөвт санхүүгийн байгууллагуудад, төрийн өмчит компаниуд, хил, гааль, шүүх, улс төрийн албан тушаалтнуудын дунд хамгийн их байгааг АТГ жил бүр мэдээлж байна. Мөн олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллага Монгол Улсад нүүрлэсэн авлигал их байгаагийн шалтгааныг улс төрчид, өндөр албан тушаалтнуудын томилгоо, төсөвт байгууллагуудын хулгай зэрэг нь толгой цохиж байгааг байнга мэдээлж байна. Харамсалтай нь авлигад холбогдсон этгээдүүдийг шүүхээр ял оноож, шийтгэх явц ойлгомжгүй, ял оноож чадахгүй суллаж байгаа зэрэг нь авлигын индекс буурахгүй байх шалтгаан болж, авлигачдын толгойг илсэн үйлдэл болоод байгаа юм. Тухайлбал, авлигачдад оногдуулж байгаа хариуцлага нь 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2-4 жилээр хасах, тэр ч бүү хэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр ял наймаалцаж торгож өнгөрөөж байгаа нь авлигачдад дэндүү таатай диваажин болсон улс гэдгийг харуулж байна.

Авлигал авсан албан тушаалтнууд 40 сая төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлж байгаа нь төрийн болон улс төрийн албан хаагчид тухайн албан тушаалыг хашиж байх үедээ л хэн түрүүлж татвар төлөгчдийн мөнгө, нийтийн өмч хөрөнгийг завшиж, зувчуулах “уралдаан” болгож хувиргасантай шууд холбоотой. Улсын төсвийн хөрөнгө оруулалт нэрийн дор УИХ-ын гишүүд тойрогтоо бүтээн байгуулалт хийх нэрийдлээр хэдэн арван тэрбум төгрөгийг төсөвт тавиулж түүнийг захиран зарцуулж, найз нөхдийнхөө компаниар мөнгө угааж байна. Тэдний захиран зарцуулсан, эхлүүлсэн гэх бүтээн байгуулалт ч дуусдаггүй, улсын төсвийн хөрөнгө оруулсан байгууллага ч мөнгө төгрөгөө юунд зарцуулсныг эргэн шалгахгүй байгаа зэрэг дур зоргоороо ажиллаж байна.

Монгол Улсыг авлигал хээл хахуулын диваажин болгож хувиргахад үе үеийн улс төрчдийн хүчин зүтгэл, эрээ цээргүй оролцохын зэрэгцээ авлигалчдад оногдуулах хуулийн хатуу цээрлэлийг хуулийн дагуу хийгээгүй хуульчид буюу прокурор, мөрдөн байцаагчид, цагдаагийнхан, шүүхийнхэн онцгой хувь нэмэр оруулсан гэхэд хилсдэхгүй. Хэрвээ хууль, шүүх, прокурорын системд ажиллаж байгаа хуульчид хуульд заасан хариуцлагыг авлигачдад оногдуулж байсан бол өнөөгийнх шиг улс төрчдийн дураараа дургисан бүх зүйлийг хулгайн нүдээр хардаг байдал гарахгүй байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг өрсөлдөх чадваргүй, олон улсын хэмжээнд авлигалд идэгдсэн орон болгож хувиргахад татвар төлөгчдийн хуруу хумсаа хуйхлан байж өгдөг татварын хөрөнгө мөнгийг гарын салаагаар урсгаж, захиран зарцуулсан улс төрчдийн үйлдлийг хязгаарлах цайз нь хуулийн шударга тогтолцоо байх байсан юм. Харамсалтай нь шударга тогтолцоог энэ системд ажиллаж байгаа хуульчид өөрсдөө нураан унагасан юм. Тэд улс төрчдийн дохио даалгавраар, үүрэг гүйцэтгэхийг урьтал болгосон болохоос эх орныхоо ирээдүйн төлөө алхам хийж чадаагүй юм. Хуулийн салбарын ялзарсан систем нь шударгаар ажилласан хуульчдыг ахиж дэвших боломжийг хязгаарлаж, зөвхөн улс төрчдийг даган далдайсан хуульчдыг томилж, дэвшүүлдэг нь энэ системийн гол алдаа завхралын эх сурвалж болсон байдаг. 

OЛИМПИЗМ ХАРИУЦСАН САЙДТАЙ ОЛИГТОЙ АМЖИЛТГҮЙ ОЛИМП 

Зуны XXXIII олимп Бүгд найрамдах Франц улсын нийслэл Парист өнгөрсөн зуны долдугаар сард зохион байгууллаа. Дэлхийн 203 улсын тамирчид оролцсоноос Монгол Улсаас 32 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөж, хурд хүчээ сорилоо. Дэлхийн олимп ”Хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй, өндрөөс өндөр” уриан дор зохион байгуулагдаж Монгол Улсын жудоч Бавуудоржийн Баасанхүү 48 кг-ийн жинд өрсөлдөж олимпийн мөнгөн медальт боллоо. Бавуудоржийн Баасанхүү зуны XXXIII олимпийн цор ганц Монголын медальтан боллоо.

Монгол Улс анх удаа зуны олимпод өндөр ач холбогдол өгч Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга буюу олимпизмын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй, улсын төсвөөс 255 тэрбум төгрөг зарцуулах эрхтэйгээр оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпизм хариуцсан Засгийн газрын сайдаар Хэнтий аймгаас таван удаа УИХ-д сонгогдсон, нутгийн ах Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томилсон байдаг. Парламентад завсаргүй таван удаа сонгогдож, 20 жил ажилласан Б.Бат-Эрдэнэ 2024 оны олимпод оролцох баг тамирчдын бэлтгэлийг хангаж, олимпод амжилт гаргах нь түүнийг томилсон Засгийн газрын чухал даалгавах байсан нь эргэлзээгүй. Тийм ч учраас 2024 оны улсын төсөвт Б.Бат-Эрдэнийн сайдын багцад 255 тэрбум төгрөг төсөвлөж, олимпийн эрх авсан 32 тамирчны бэлтгэл, шаардлагатай тэмцээн уралдаанд оролцуулах бэлтгэлийг хангах ёстой байсан ч олимпийн наадамд тамирчдын хоолзүйч, сэтгэлзүйчийг орхиод явсан нь амжилт гаргахад саад болсон гэж олимпод оролцсон тамирчид удаа дараалан мэдээлж байв. Олимпийн тамирчдын амжилт гаргахад ямар ч нөлөөлөлгүй, сайд дарга нарын ах дүү хамаатан, эхнэр нөхрүүдэд Монголын олимпийн хороо тусгай мандат өгч, цэнгэлдэх нэвтрүүлснийг дэлхий даяар шууд дамжуулахад монголчууд мэдсэн юм. Тухайлбал, 130 хүн төсвийн мөнгөөр олимп үзэхээр явсан. Эдгээрт Монголын Үндэсний олимпийн хорооны дарга Б.Баттүшиг эхнэр болон өөрийн ээж, мөн хадам ээж, аав, дүүгээ,  Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулуун, Олимпизм хариуцсан Засгийн газрын сайд Б.Бат-Эрдэнэ өөрөө, Соёлын сайд Ч.Номин, Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган эхнэрээ дагуулж олимпийн цэнгэлдэхэд тусгай мандатаар оролцсон.

Олимпод оролцдог үе үеийн тамирчид төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэхгүй байгаа нь амжилт гаргаж чадахгүй байх шалтгаан болдог гэж ярьдаг. Гэтэл улсын төсвөөс анх удаа  хангалттай хэмжээний мөнгө буюу 255 тэрбум төгрөг төсөвлөж олимпод бэлдүүлсэн байхад хамгийн муу амжилт үзүүлсэн нь дарга нарын тансаглалд мөнгөө зарцуулсантай холбоотой гэж тамирчид эх орондоо ирээд шударгаар хэлсэн юм. Үүнийг ч нийт ард түмэн шүүмжлэн ярьсан билээ. Харин 2024 оны паралимпийн тамирчид санаанд оромгүй сайн амжилттай оролцдог билээ.

НҮҮРСНИЙ “ХУЛГАЙЧИД” БҮГД ДАРГА БОЛОВ

Монгол Улсын Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтын хятадын талтай хиллэдэг Баяннуур аймгийн нүүрсний хулгайчид бүгд хорих ял авч, зарим нь цаазаар авахуулж, бүх хөрөнгөө хураалгаж шийтгүүлэв. Харин Монгол Улсад нүүрсчид хамгийн том дарга болцгоов. 2023 оны арванхоёрдугаар сарын 22-нд хоёр үе шаттай зохион байгуулсан нүүрсний сонсголоос хойш зарим албан тушаалтнуудад шүүх ял оноолоо. Гэхдээ нүүрсний сонсголд ирж, үгээ хэлээгүй хоёр хүнийг л ялласан байдаг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт хорих ял оноосон байдаг. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үе үеийн захирлууд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн хэнийг ч шалгаагүй уснаас хуурай гаргасан юм. Нүүрсний сонсгол үндсэн дөрвөн мэдээлэлд тулгуурласан. Нэгдүгээрт, “Эрдэнэс тавантолгой” компанийн Хятад улстай хийсэн “Чалко” ХХК-ийн гэрээ, хоёрдугаарт том, жижиг Тавантолгой компанийн гэрээнүүд, гуравдугаарт оффтэйк гэрээний хүрээнд сонсгол хийж, гэрчүүдийг дуудсан. Гэрчээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан, БОАЖ-ийн сайд асан Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Б.Адъяасүрэн зэрэг УИХ-ын бүрэн эрхтэй гишүүдийг гэрчээр дуудлаа. Үүнээс гадна Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Сэддорж, “Бодь интернэшнл” группийн захирал Д.Баясгалан, Үндэсний Статистикийн хорооны дарга Д.Батдаваа, мөн нүүрс тээврийн жолооч, гаалийн ажилтнууд  зэрэг 500 гаруй хүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж гэрчээр дуудсан юм. Нүүрсний сонсголд тухайн үед яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нар хорих ангиас оролцох хүсэлтээ хэд хэдэн удаа илэрхийлсэн боловч тэднийг сонсголд оролцуулаагүй, үгийг нь ард түмэнд хүргээгүй юм.

Эцэст нь нүүрсний хулгайд холбогдсон нэр бүхий этгээдүүд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа дарга болж дэвшицгээв. Тухайлбал, гэрчээр дуудагдсан Д.Сэддорж УИХ-ын гишүүн болон Эдийн засгийн байнгын хорооны дарга, С.Ганбаатар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, Д.Амарбаясгалан УИХ-ын дарга, Х.Баттулга УИХ-ын гишүүн, Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн болж эрх мэдэлтэй болов. 

УЛС ТӨРЧДӨД БАРЬЦААЛАГДСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ 

Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас 2024 оны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийг зарлалаа. 2023 онд 180 улсаас 88-рт жагссан байсан бол 2024 онд 109-р байранд жагсаж 21 байр ухарлаа. Хэвлэлийн эрх чөлөөний индексийг 21 байраар ухраасан гол шалтгаан нь улс төрчдөд барьцаалагдсан хэвлэл хэмээн үзэж, хэвлэлийн эрх чөлөөний хувьд маш эргэлзээтэй улсын ангилалд орууллаа. Өөрөөр хэлбэл, Монголын ихэнх хэвлэл мэдээллийн голлох байгууллагуудын ард улс төрчид, тэдний хамаарал бүхий компаниуд эзэмшиж, редакцийн бие даасан байдалд хөндлөнгөөс нөлөөлж, үнэн бодит мэдээллээс ангид байлгаж, зохион байгуулалттай нийгмийг залж, иргэдийн тархийг угаасан хуурамч мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байна. Мөн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд улс төрчидтэй наймаалцаж, улс төрчдийн хүссэнээр мэдээлдэг хэрэгсэл болсон гэж Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас дүгнэхэд хүргэжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу телевиз, радио, өдөр тутмын сонин, сайтууд хаалтын гэрээ хийж, хулгай луйварт холбогдсон шийдвэр гаргах түвшний дарга нарын булхайг мэдээлэхгүй өнгөрдөг үзэгдэл нь Монгол Улсад хэрээс хэтэрсэн гэж үзжээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индекс эргэлзээтэй гэсэн ангилалд багтсан нь ардчиллыг боомилох, иргэдийн чөлөөт сонголт хийх эрхэнд нөлөөлөх, авлигал хээл хахууль газар авах, улс орны ирээдүй тодорхойгүй байдалд ороход нөлөөлж байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарын эрхзүйн орчин тодорхой бус 1998 онд батласан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай гэсэн нэртэй дөрвөн зүйлтэй энэ хууль бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхзүйн орчныг тодорхойгүй болгож, энэ салбарт ажиллагсадын ёс зүй, хэм хэмжээ, үнэнийг мэдээлнэ гэсэн дэлхийн хэвлэлийн мэдээллийн алтан дүрмийг хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлыг бий болгож байна. 

Монголын сэтгүүлзүй нийгмийн болж бүтэхгүй зүйлийг үнэнээр илчлэн харуулж, ирээдүйд гарах эрсдлээс урьдчилан сэргийлдэг, шүгэл үлээх үүрэг гүйцэтгэдэг хоточ нохойн үүргээ гүйцэтгэхгүй бол улс орны ирээдүй улам бүр харанхуй, гэрэл гэгээ бөхөхөд хүргэж байна. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн салбар дижитал, сошиал руу шилжих тусам түүхийн бодит үнэн устгагдан, засварлагдаж ой санамжаа алдаж байна. Үүний тод жишээ улс төрийн хулгай луйвар, авлигал хээл хахуульд холбогдсон, ёсзүйн зөрчил гаргасан албан тушаалтнууд тэдний харилцан хамаарал бүхий этгээдүүд гадны платформ фэйсбүүд, Х-д мөнгө төлж бодит мэдээ, мэдээллийг тодорхой хугацааны дараа устгаж, үгүй болгодог байдал улс төрчдийн гаршсан үйлдэл боллоо. Үүний цаана Монгол Улсын бодит түүх, улс төрчдийн үнэн дүр төрх бүдгэрэн алга болж байна.

ГАЗ ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН ГАНЦХАН ОРЦТОЙ БАЙРЫГ ЗАСАЖ ЧАДААГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын урд байрлах “Эдү апартмент” хотхоны гадаа газ ачсан машин дэлбэрч, олон хүн амь насаа алдаж, олон айл өрх гэр оронгүй боллоо. Дэлбэрэлтийн гал тус хотхон руу тархан, таван иргэн 80-95 хувийн түлэгдэлтэй, онцгой байдлын 27, 28, 36 настай гурван алба хаагч газар дээрээ амиа алдаж, 20 гаруй айлын 60 гаруй иргэн орон гэргүй болж, иргэдийн 28 машин шатлаа. Эмнэлэгт хүргэгдсэн 90-95 хувийн түлэгдэлтэй дөрвөн иргэн хэдхэн цагийн зайтай нас барж, ээлж дараалан үхлийн мэдээг орон даяар цацаж байсан юм. Энэ өдөр бол 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр билээ.

Газ дэлбэрсэн тэр үйл явплаас хойш бүтэн 12 сар өнгөрөөд байхад Улсын онгцой комисс, Засгийн газар хохирсон айлуудын орон сууцыг сэргээн засаагүй, гэр оронтой болгох талаар ямар ч санаачилга гаргасангүй. Амь насаа алдсан алба хаагчид, энгийн жирийн иргэдийн ар гэрийнхэн хүнээ алдаж том гарзад нэрвэгдсэн бол гэр оронгүй болсон хүмүүс одоог хүртэл орох оронгүй байна. Хүнээ боддог нийгэмд хохирсон айлуудын орон гэрийг нэн тэргүүнд шийдэх боломж байсан. Гэтэл Монголын төр ганцхан орцтой орон сууцыг засаж чадахгүй байна гэдэг нь мөнгө хөрөнгөгүйдээ биш зөвхөн сэтгэл дутсаных юм. 12 сарын хугацаа өнгөрөөд байхад газ дэлбэлсэн буруутныг тогтоож чадаагүй байна. “Дашваанжил” компанийн жолооч буруутай юм уу, цагаан өнгийн патрол жолоодож явсан Батлан хамгаалах яамны албан тушаалтан буруутай юу гэдгийг тогтоож мэдээлээгүй байна. Түүгээр зогсохгүй Тээврийн цагдаагийн алба, ЦЕГ, Онцгой байдлын алба галын дүгнэлтийг гаргаж чадахгүй байгаа нь цагдаа, хүчнийхэн бусдын нөлөөнд автсан уу гэх хардлагыг  ч төрүүлж байгаа юм. Орон гэргүй болсон 60 гаруй иргэн өнөөдрийг хүртэл зочид буудлаар хоног төөрүүлж байна. Тэдний орон сууцыг шинээр барих, эсвэл өөр орон сууцанд шилжүүлэн оруулах санаачилгыг Засгийн газар гаргахгүй байгаагаас хохирогчид улам бүр хохирсоор өдийг хүрлээ. Угтаа хохирсон иргэдийг нэн тэргүүнд гэр оронтой болгож, дараа нь буруутай этгээдээс нөхөн төлбөрөө Засгийн газар авч болох байтал Монгол Улсад хохирсон иргэдийг давхар хохироодог бурангуй нийгэм үргэлжилсээр байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
50.4.58.138
2024/12/31
0
0
Алтан төрийн минь аргамжааг алдуулж үүх түүх ,соёл ,зан заншилд намаар дамжуулж улстөрийн гэх өнгөлөн далдлалт аар улс орны нийхэмын инженерчлэлийн бүтэц сонгууль ,хууль шүүх ,засаг захиргааны дотроос нь бүтцийн хувьд болон хуулийн мөн чанарыг алдуулж өөрсдийн бусармаг үйлдлийг хамгаалах бүхий боломж нөхцөлийг бүрдүүлсэн хяналт хариуцлага сулруулсан бүлэглэлийн тогтолцоог бий болгожээ хууль шүүхийн төрийн цааз хэрэгжүүлэх албыг өөрсдийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэгч дарангуйллын хэрэгсэл болгосон. төрийн нүд чих түмэн олныг мэдээллээр хангах мэдээллийн байгууллагуудыг өөрсдийн мэдэлд байлгах ,хаалтын гэрээ гэгчийг хийж улс орныг тусгаар тогтнол ,эрх чөлөө , бүрэн бүтэн байдал алдагдаж байгаа гэж иргэн хүний хувьд амар тайван сэтгэл тэнэгэр байх боломжгүй болж нийгмийн эрүүл мэндийн асуудал эмзэг байдалд шилжиж гадны колон болох зам руугаа шуударч байна уу даа ард түмний төр өнөөдөр ноёдын шунал , тансаглал хэрээс хэтэрч ядуурал туйлдаа хүрч байна гэж үзэж байна энэ үед төрийн ёс зүй ,нийхэмийн инженерчлэлээр хамгаалж төрийн орон зай газар нутаг ёс зүй зан заншлаа хамгаалж цусаа урсгаж ясаа үйрүүлж ирсэн түүх давтагдах байх даа үүнд хүргэхгүй тулд яаралтай ард түмэн нэгдэн жагсаж тэмцэхээс эхлээд бүх шатны арга хэмжээнүүдээ үргэлжлүүлж үр дүнд л хүрэхээс өөр замгүй үгүй
Хариулах
66.181.184.36
2024/12/31
1
0
Uneen Bugd Unen
Хариулах