Л.Энх-Амгалан: Өнөөдөр ажиллах хүчний хомсдолд орчхоод байна

М.Үүрээ
2024/12/24

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг энэ сарын 19-ний өдөр өргөн барьсан. Гэвч хуулийн төслөө татан авч буй тухайгаа хууль санаачлагчид өчигдөр мэдээлсэн.

Энэ хуулийн төслийг эсэргүүцэн зарим иргэн Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулав. Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзахаар 10 хүний нэр авсан ч нэг ч хүн орж ирээгүй талаар Л.Энх-Амгалан сайд мэдээлэв.

Тэрбээр “Энэ жагсаалыг Монголын ардчилсан холбооноос зохион байгуулж буй, энэ холбооноос өчигдөр мэдэгдэл ирсэн. Мөн өчигдөр Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга нарын УИХ-ын гишүүн мэдээлэл хийсэн.

Монголын нийгэм 6 гишүүний өргөн барьсан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн барьсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуультай холбоотой маш их маргаан, үл ойлголцол үүслээ. Ихэнхдээ санаатайгаар мушгин гуйвуулах, өргөн бариагүй хуулийн заалтыг өргөн барьсан мэтээр олон нийтэд ойлгуулах увайгүй, хариуцлагагүй үйлдлүүд гарлаа.

Хөдөлмөрийн сайдын хувьд энэ хуулийг дэмжиж болохгүй гэдэг саналыг өгсөн, хууль татагдсан.

Ажиллах хүчний квот, ажлын байрны хөнгөлөлт хоёрыг тусад нь ойлгох хэрэгтэй. Хуулийн төсөл татагдсан тул квотын асуудлыг дахиж хөндөхгүй гэж ойлгож болно. Өмнө нь том аж ахуйн нэгжүүд буюу 40 компани өөрийнхөө оруулж ирэх ажилчдыг ЗГ-ын хуралдаанд танилцуулаад 100 хувь хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаг байсан. Гэтэл харамсалтай нь дунд, жижиг аж ахуйн нэгжүүд энэ хөнгөлөлтийг эдэлж чадахгүй, өнөөдөр ажиллах хүчний хомсдолд орчхоод байна.

Тэгэхээр УИХ-аар хоёр бичиг баримтыг баталсан. Өнөөдөр эсэргүүцээд байгаа Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга нарын гишүүн өөрсдөө дэмжсэн гэсэн үг” гэв.



0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна