Цар тахлын үеэр үнэгүй цахилгаан, дулаан хэрэглэсэн шангаа иргэд өнөөдөр хүртэж байна

Үүрийнтуяа
2024/10/31

Засгийн газраас сарын өмнөөс эхэлж эрчим хүчний реформ хийнэ, ингэхдээ цахилгаан дулааны үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж мэдээлсэн. Тус асуудлын тухай эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний салбар богино хугацаанд 2024 оны байдлаар богино хугацаанд 539.6 тэрбум, урт хугацаанд төлөх 1.8 их наяд төгрөгийн өр төлбөр бий. Алдагдлын хэмжээ 2019 онд 59 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн жилд 1.6 дахин өсөж 98 тэрбумд хүрсэн. Энэ оны эцэс гэхэд 2019 оноос хойш алдагдлын хэмжээ 3.5 дахин өсөж 203 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан” гэдэг мэдээллийг өнгөрсөн сард өгсөн. Үүнээс харахад яагаад 2019 оноос эхэлж ийм их хэмжээний алдагдал үүссэн нь анхаарал татлаа. Тэгвэл 2019 онд эрчим хүчний салбартай холбоотой ямар шийдвэр гарсан талаар эргэн санацгаая.

КОВИД 19

Хятад улсын Хэйбэй мужид 2019 оны 12 дугаар сарын 31 нд Covid 19 нэртэй шинэ төрлийн цар тахал гарсан. Үүнээс хойш манай улсад 2020 онын 11 дүгээр сарын 11 нд ковидын анхны халдвар бүртгэгдсэн юм. Энэхүү цар тахлын хүрээнд манай улсад 2020 оны арван нэгдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сарын хооронд хөл хорио тогтоож байлаа. Ковидын нөлөөгөөр  ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Харин энэ үеэр буюу 2020.12.01-2021.07.01 хүртэл долоон сарын хугацаанд бүх аж ахуйн нэгж, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хог, уур хэрэглэсний  төлбөрийг тэглэлээ гэж МУ-ын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх мэдээлж, түүхэнд байхгүй шийдвэр гаргаж байлаа. Мөн сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хямдруулж байв. Иймд 2021 онд улсын хэмжээнд эрчим хүчний салбар их хэмжээний алдагдал үүссэн байх магадлал өндөр юм.

СОНГУУЛЬ

Цар тахлын энэ үед буюу 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын найм дахь ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж өндөрлөсөн. Тус сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, ЗХЭЭ намаас Д.Энхбат, АН-аас С.Эрдэнэ нар нэр дэвшин өрсөлдөж улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх  МУ-ын ерөнхийлөгч болж байлаа. Харин 2024 онд УИХ-ын Гишүүн, орон нутгийн сонгуулиуд болсон. Бүх сонгууль дуусаад нэг сарын дараа Засгийн газар гэнэт дулаан, цахилгааны үнийг огцом нэмэх шийдвэр гаргах гэж байгаад иргэд бухимдан хүлээн авч байна. Дулаан, цахилгааны үнийг шат дараалалтай бага багаар нэмэхэд сонгууль саад болчхов уу? Өнгөрсөнд болсон үйл явдал, амлалтууд одоогийн бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг он цагийн дараалалтайгаар эргэн сануулав. 

 

                                              “Үнэгүй бяслаг хавханд л байдаг”

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна