Элдэв өнгийн эрээн мяраан тоглоомонд шохоорхохгүй хүүхэд гэж үгүй. Гэхдээ зарим хаяг шошгогүй, чанаргүй, хямдхан тоглоомууд хүүхдийн хүмүүжил төлөвшил болоод эрүүл мэндэд асар их хортой байдаг байна. Ялангуяа бага насны хүүхдүүд ихэвчлэн цэцэрлэг дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг. Энэ үед хүүхдийнхээ ангидаа тоглож байгаа тоглоомын аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхийг анхаарах нь нэн чухал болжээ. Учир нь өнгөрсөн сард .... цэцэрлэгийн 3 настай хүү цэцэрлэг дээрээ тоглож байхдаа соронзон тоглоомны “соронз залгиснаас” болж хагалгаанд орж биеийн байдал тааруу байгаа аж. Энэ талаар хүүгийн ах өөрийн цахим хуудаснаа:
“Цэцэрлэгүүд элдэв ил далд соронзтой тоглоомоор хүүхдүүд тоглуулмааргүй байна. Соронз залгиснаас болж гурван настай дүү минь хагалгаанд орж байна” хэмээн бичсэн юм.
Хүүгийн ахаас мэдээллийг тодруулахад: “Дүү маань хагалгаанд орсон бие нь тун тааруу байгаа.” гэсэн хариу өглөө.
Хүүхдүүдийн тоглож буй хуванцар, соронзтой зэрэг тоглоомуудад хар тугалга, цадми гэх мэтийн өсөлт зогсоодог химийн хортой бодис нэвт шингээстэй байдгаас гадна үслэг тоглоомууд нь харшил үүсгэх ч тохиолдол байдаг аж. Цэцэрлэгийн хүүхдийнхээ ангид эцэг эхчүүд тоглоом сонгож өгөхдөө ихэвчлэн арай хямд бөгөөд олон ширхэгтэй тоглоомнууд сонгодог нь хүүхдийн бие болоод эрүүл мэндэд ч хохирол учирч болзошгүй юм.
Янз бүрийн дүрс, барилга байшин бүтээх соронзон тоглоом нь маш аюултай тоглоомын нэгд тооцогдож байна. Ямар нэг байдлаар хүүхэд 1-2 соронзон тоглоом залгиснаар соронз нь гэдэсний хананд наалдаж, гацаж, улмаар нарийн гэдэс гэмтээх, хүчтэй өвдөлт бий болгох, бүр амь насанд ч хүрэх эрсдэлтэй байна. Ихэнх тохиолдолд мэс заслын аргаар энэ тоглоомыг гаргаж авсан байна.
Мөн өнгөрсөн жил эргүүлэгч тоглоом нь маш алдартай болсон хэдий ч бага насны хүүхдэд мөн аюултайд тооцогдож байна. Энэ нь жижиг жижиг хэсгүүдээс бүрддэг учраас хүүхэд залгих, хахах аюултай байдаг байна. Мөн энэ нь дотроо дугуй зайтай учраас дээр дурдсан эрсдэлээс гадна хүүхэд амандаа хийж шүдээ хугалах, амаа гэмтээх өндөр эрсдэлтэй.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон эрүүл чанарын шаардлага хангасан тоглоом авч хэвшихгүй бол хүүхдүүд эрүүл мэнд сэтгэхүйгээрээ хохирохоос гадна хурц ирмэгтэй бие биеэ гэмтээх эрсдэл бүхий тоглоомуудаар тоглож гэмтэх тохиолдол багагүй гарч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна