БӨӨРӨӨ АВХУУЛСАН ХҮНИЙ БӨӨР НЬ ДАХИАД УРГАХ УУ? ЗҮРХНИЙ ЦООРХОЙ БУЦАЖ НӨХӨГДӨЖ? ХӨЛГҮЙ БОЛСОН ХҮНД ХӨЛ НЬ БУЦААД УРГАХ УУ?
Хөдөлмөрийн чадвараа түр болон удаан хугацаагаар алдсан иргэдийн тэтгэмжийг улсаас олгодог. Гэвч манай улсын бүхий л шатны байгууллагууд бүгд л ар өврийн хаалга, явдал чирэгдэл болдог нь уламжлал мэт болжээ. Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж хөнгөлөлтөд орсон хүмүүс жил бүр түүнийгээ сунгуулдаг нь тэдэнд маш том дарамт, ачаа болдог аж. Тодруулбал, Иргэд грүпп тогтоолгохын тулд хамгийн түрүүнд өрхийн эмнэлэгтээ хандана. Өрхийн эмч тухайн даатгуулагчийн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан бэ гэдгийг тогтоох зорилгоор харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төв рүү нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд оруулахаар явуулна. Түүнийг үндэслэж гарсан онош, хариунд тулгуурлан өрхийн эмч даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаар дүгнэлтээ бичиж дараагийн шатанд илгээнэ. Дүгнэлтийг хүлээн авсан аймаг, дүүргийн эмнэлгийн дэргэдэх Эмнэлэг хяналтын комисс асуудлыг хэлэлцэж, групп тогтоох үндэслэлтэй бол шийдвэрээ тухайн аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст илгээнэ.
Чухам энэ комисс хөдөлмөрийн чадвар алдалтыг эцэслэн тогтоон акт гаргадаг бөгөөд хоёр жилийн хүчинтэй байдаг. 3-6 сарын хугацаанд эмчийн хяналтад эмчлэгдэж, өвчний онош, явц, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоолгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг.
Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо олон, өдөрт 10 гаруй цаг хуралдаж байхад Сүхбаатар дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 3-4 цаг хуралдах жишээтэй. Тиймээс хэчнээн иргэн групп тогтоолгох болон группээ сунгуулахаар хандсан бэ гэдгээс хамаарч хуралдах цаг болон хэзээ акт олгогдох нь шийдэгддэг.
Хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгохын тулд харъяа дүүргийнхээ эмнэлэгийн хяналтын коммиссын хуралд иргэн биечлэн оролцдог.
Бүхий л мэдээлэл цахимжсан өнөө үед группээ сунгуулах иргэдийг өрхийн эмнэлэгт заавал ир гэж дуудах нь учир дутагдалтай гэдгийг тэдний төлөөлөл хэлж байна. Үүнээс гадна 1-3 жил сунгах ёстой групп сунгалтыг ердөө 1-6 сараар сунгаж байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийнхэн шүүмжилж байсан юм.
2023 оны нэгдүгээр сард групп тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэний хоёр гуравдугаар сарын халамжийн мөнгө ороогүй, хариу ч байхгүй мөн хүчилтөрөгчийн дутагдалтай, орноосоо өндийх боломжгүй, хоёр хөл нь тэнгэр шиг тулсан хавантай хүний групп сунгалтыг ердөө нэг жилээр сунгасан зэргээр иргэд гомдол, шүүмжлэлүүдийг цээжиндээ тээсээр буцдаг аж. Бид энэ талаарх мэдээллийг грүпп тогтоолгосон хэд хэдэн иргэдээс тодруулсан юм. Дэлгэрүүлбэл,
Иргэн Г.Алтантуул: Би гурван жилийн өмнө хөхний хорт хавдараа авхуулж химийн эмчилгээнд орсон. Түүнээс хойш грүппийг мэдэхгүй явж байгаад жилийн дараа тогтоолгосон юм. Одоо хоёр жил болж байна. Миний хөдөлмөрийн чадвараа алдалтыг 70 хувиар тогтоосон. Одоо жил бүр очиж түүнийгээ сунгуулдаг.
Иргэн Ж.Өнөрбилэг: Ээж маань чих нь юм сонсддогүй. Тэрхүү өвчины шалтгаанаараа групп тогтоолгосон байдаг. Жил бүр ээж маань картаа бариад л дүүрэгрүү хуралдаа орж группээ сунгуулна гээд явдаг. Оочер гэж найгүй. Тэгээд хуралдаа орох гэж хэдэн цаг хүлээж оочерлож сууна.. Тэнд хамт сууж байгаа хүн бүхэн маш их бухимдалтай байгаагаа илэрхийлж хугацаагүй болгож болдоггүй юм байхдаа хэмээн халаглаж суудаг даа.
Иргэн Долгорсүрэн: Би өөрөө зүрхний ховдлын цоорхойтой хүн. Энийгээ эмнэлэгт очиж сэхээнд орсоныхоо дараа л мэдэж байлаа. Тухайн үед эмчилгээ хийлгэж эмч нар хагалгаа хийнэ гэх үед нь миний бие хагалгаа хийлгэхгүй грүпп тогтоолгоно гээд грүппд орсон. Анх эмнэлэгт байхад 60 хувиар тогтоосон. Түүнийгээ жил бүр хурлаар орж сунгуулдаг. Харин энэ жилээс 50 хувиар тогтоогоод сард 500.000 төгрөгийг авч байгаа. Яагаад 50 хувь болж буурсаныг би өөрөө ч мэдэхгүй байна. Магадгүй өвчний түүхээс хамаараад тэгдэг байх гэхдээ миний зүрх буцаад нөхөгдсөн биш дээ энэ бол боломжгүй зүйл шүү дээ гэсэн гомдлыг хэлсэн юм.
Үнэхээр бөөрөө авхуулсан хүний бөөр нь дахиад ургах уу? Зүрх нь цоорсон хүний цоорхой нь буцаад нөхөгдөх үү? Хөлгүй болсон хүний хөл нь буцаад ургах уу? Тийм байхад жил бүр бөөргүйгээ хөлгүйгээ баталгаажуулж халамжаа үргэлжлүүлэх ямар шаардлага байна аа. Ер нь дахин сэргэхгүй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүний группыг хугацаагүйгээр сунгах хэрэгтэй юм. Жил болгон хөл нь ургасан, зүрх нь битүүрсэн эсэхийг шалгадаг процесстэй оронд бид дэлхийн хөгжил ярьж суух нь өөрөө эмгэнэл юм. Улсын хэмжээнд нийт хөдөлмөрийн чадвараа алдсан 111 мянга гаруй иргэн байдаг. Үүнээс хөдөлмөрийн чадвараа бүтэн алдсан 54.6 мянган иргэн, хагас алдсан 56.7 мянган иргэн байдаг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна