ХАНГИ-МАНДАЛЫН БООМТ ЯАГААД НЭЭГДЭХГҮЙ БАЙНА!!!

2023/05/17

Хилийн Ханги авто замын боомт нь 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрладаг байнгын ажиллагаатай боомт юм. Улаанбаатар хотоос 770км, Дорноговь аймгийн төвөөс 320 км, Хатанбулаг сумаас 115 км-т оршдог. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан Муумянганы холбоот хошуунд байрладаг Мандал боомттой хиллэдэг.

Анх Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт байсан ч 2015 оны дөрөвдүгээр улирлын нээлт нь 2015.11.16-ны өдрөөс нээлт хийж 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байнгын үйл ажиллагаанд шилжин ажиллаж байна.

Цар тахлын үеэс хойш Ханги-Мандал ормын боомт бүрэн нээгдээгүй удаж байна. Шалтгаан нөхцөл болон яагаад нээгдэхгүй байгаа талаар Засгийн газар болон хэвлэлүүдээр мэдээлэл явдаг ч газар дээрээ байдал ямар байгааг сурвалжлав.

Боомтын хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Б: ОДООГООР БОЛ БИДЭНД ЯАГААД ХИЛ НЭЭГДЭХГҮЙ БАЙГАА АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖТАЙ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ БАЙХГҮЙ

“Ханги-Мандал”-ын боомт яагаад нээгдэхгүй байна вэ?

-Уг нь байнгын ажиллагаатай болсон ч цар тахлаас хойш нээгдээгүй байна. Нээгдэхгүй байгаа шалтгаан нь хоёр талын бэлтгэл бүрэн хангагдаагүйтэй холбоотой байх гэж бодож байна. Засгийн газраас анх цар тахлын хөл хориог цуцлахдаа бүх боомтыг нээх шийдвэр гаргасан. Гагцхүү шинээр тавигдаж буй шаардлагуудыг хэдийд биелүүлж бэлэн болгож нээх нь тухайн боомтуудын өөрсдөөс нь л шалтгаалах асуудал гэж хэлж байсан. Тэгэхээр тавигдаж байгаа шаардлагууд нь биелэгдэж амжаагүй л байх шиг байгаа юм. Тухайлбал:

Гадаад паспортны деклароци бөглөхдөө гараар бичих биш шууд уншуулах төхөөрөмж, зорчигчдын унааны асуудлаа цэгцэлж чадаагүй байгаа. Өөрөөр хэлбэл хуучин бол орос улсад үйлдвэрлэгдсэн УАЗ-469, футгон маркын машин хил нэвтэрдэг байсныг шаардлага хангахгүй гэж үзээд бага оврын хүн тээврийн хэрэгслээр зөөвөрлөхөөр болгосон ч хараахан шийдэгдээгүй. Эрээний боомт шиг стандарт адилхан хэрэгжих гэж байгаа болов уу? Одоогоор бол бидэнд яагаад хил нээгдэхгүй байгаа албаны эх сурвалжтай тодорхой мэдээлэл байхгүй.

Хил орчмын бүсэд амьдарч байгаа иргэдийн ахуй байдал ямархуу байна?

-Оршин суугчдын нийгмийн байдал хүнд шүү дээ. Нүүрс тээврийн замын тоосжилт маш их байна. Аюулгүй, баталгаагүй тээвэр учир замаа алдсан. Гар утасны сүлжээ маш муу. Тухайн сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн шороон зам маш их эрсдэл дагуулж байна. Хятад, монгол эзэнтэй олон компани нүүрс тээвэр хийдэг. Нүүрс тээвэрлэх тодорхой шаардлагыг тавьдаг л байх. Орон нутаг тодорхой хэмжээнд компаниудтай хамтарч ажилладаг ч хүчрэхгүй байх шиг харагддаг. Бидний харж байгаагаар орон нутгийн эрх мэдэл хүрдэггүй юм их байх шиг. Хил нээгдээд боомтын үйл ажиллагаа тогтмолжоод ирэхээр ачаалал маш их нэмэгдэнэ. Усны асуудал одоогоороо хүрэлцээ муутай. Хог хаягдал замбараагүй, хараа хяналтаа алдсан.

Одоогоор бол том тээврийн хөдөлгөөн дагасан орлогоор л иргэд амьдарч байна уу?

-Нүүрс тээврийг чингэлэг тээврээр зохицуулаад үйл ажиллагаа нь тогтмол явагдаж ирсэн. Ер нь цар тахлын үед тогтмол үйл ажиллагаатай (нүүрс тээвэр) явж ирсэн цөөн боомтын нэг Ханги. Энэ нь давуу тал болж байсан. Мөн төмөр зам, сайжруулсан зам тавигдвал иргэдийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх л гэж хардаг даа.

Нүүрс тээврээс гадна тогтмол үйл ажиллагаа явуулдаг ямар газрууд байна вэ?

-Үйлчилгээний газрууд бий. Байгаа орчин нөхцөлдөө тохируулаад үйл ажиллагаа нь нэмэгдэж л байна. Тогтмол ажиллладаг гэвэл дэлгүүр, шатахуун түгээр газрууд л түлхүү байх шив дээ. Хувиараа хоол хийж байгаа иргэдийн тооч өсөж байгаа. Тээвэр дагасан орлогын нэг хэлбэр юм уу?

Чанарын шаардлага хэр хангадаг юм бол?

- Эрүүл ахуй муу. Энэ нь хэнд ч ойлгомжтой л доо. Хог хаягдал замбараагүй, тоос тоосжилт ихтэй газар чанар стандарт ярих нь хэцүү л дээ.

Цаашид төр засгаас хил орчмын бүсэд амьдарч байгаа иргэдийн хүсэлт юунд төвлөрч байна?

-Төр засгаас хүсэх зүйл их байна. Хамгийн гол нь замын асуудал. Нүүрс ачилт буулгалтын талбайн битүүмжлэл (ангор), хатуу хучилттай замаар нүүрсээ тээвэрлэдэг болох. Мөн нөхөн сэргээлтийг маш яаралтай хийх хэрэгтэй. Цаашид нөхөн сэргээлт хийгдээгүй тохиолдолд тээврийг зогсоох нутгийн ард түмэн мал малчдын боломжид сөргөөр нөлөөлж байгаа байдалд онцгой анхаарч, бэлчээр хамгаалах зэргээр тоочоод баршгүй л дээ. Гол нь төр засгийн ажил цаасан дээр яваад л байх шиг анзаарагдах юм даа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна