Эрүүл мэндийн салбарт тангараг өргөсөн залуухан их эмч Э.Нанжидтай ярилцлаа. Тэрбээр Дотрын их эмч. Тиймээс эмч мэргэжлийнх нь онцлог болоод дотор эрхтний өвчлөл, цусны даралт ихсэлт өвчний талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх, мөн урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах уу, эрүүл байхын тулд хүн юуг анхаарч, өөртөө хэрхэн зөв дадал зуршлыг бий болгох вэ гэдэг талаар ярилцсан юм. Түүний хувьд орон нутагт мэргэжлээрээ ажиллаж байгаад үргэлжлүүлэн нарийн мэргэжлээрээ суралцахаар Улаанбаатарт ирсэн байгаа ажээ.
-Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Эрдэнэ овогтой Нанжид гэдэг. Би 2015 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль(АШУҮИС)-ийг Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. Төгсөөд Увс аймгийн Тэс сумын Эрүүл мэндийн төв(ЭМТ)-д Дотрын их эмч, ЭМТ-ийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оноос үргэлжлүүлэн суралцахаар хотод ирсэн байна.
-Цусны даралт ихсэх өвчин, зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчин үүсэх шалтгаан нөхцөл, эрсдэлт хүчин зүйл юу байдаг вэ?
-Зүрх судасны өвчин тэр дундаа даралт ихсэх өвчин үүсэхэд маш олон төрлийн шалтгаан хүчин зүйл байна. Үүнд тухайн хүний нас (40-ээс дээш насныхан голдуу), Хүйс(Эрэгтэй хүн эмэгтэйгээс илүү), Удамшил зэрэг хүчин зүйлсээс гадна бид бүхний өдөр тутмын амьдралын хэв маяг, идэж ууж байгаа хоол хүнс, хэрэглэж буй хоол хүнс ихээхэн нөлөөлнө. Амьдралын хэв маяг гэхээр тухайн хүний ажил амралтаа зохицуулах, дасгал хөдөлгөөн хийх, унтаж амрах цаг хугацаа гэх мэт зүйлүүд нөлөөлнө. Хоол хүнсний хувьд гурван цагаан хор гэж Монголын ард түмний хэлж заншсан Өөх, Давс, Сахар (Чихэр) зэрэг нь ихээр хэрэглэвэл зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Давсны хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хоногт хүн 5 гр давс хэрэглэх нь тохиромжтой гэж үздэг. Гэтэл манай Монголчуудын давсны дундаж хэрэглээ 12-13 гр байна гэсэн судалгаанууд байдаг. Энэ нь даруй 2-3 дахин илүү их давс хэрэглэж байна гэсэн үг. Монголчууд ялангуяа Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун аймгийнхан хоол цайндаа давсыг атга атгаар нь хийж хэрэглэдэг ард түмэн. Ядаж цайныхаа давсыг багасгах болж өгвөл давсгүй цай ууж хэвших хэрэгтэй. Цусан дахь өөх тосыг холестерин, триглицерид ба липопротейн буюу уурагтай нэгдсэн өөх тос буюу липопротейн (Lipos - өөх тос, Protein - уураг) гэж нэрлэдэг. Липопротейныг эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөр нь "Сайн холестерин" буюу их нягтшилтай липопротейн (ИНЛ) ба "Муу холестерин" буюу бага нягтшилтай липопротейн (БНЛ) гэж ангилдаг. "Сайн холестерин" буюу их нягтшиотай липопротейн цусны судаснаас өөх тосыг эд эс рүү зөөж, судас хатуурахаас хамгаална. "Муу холестерин" буюу бага нягтшилтай липопротейн цусан дахь нийт холестерины хэмжээг нэмэгдүүлэн судасны хатуурал үүсгэдэг. Цусны биохимийн шинжилгээгээр нийт холестерин, триглицерид, бага нягтшилтай липопротейн, их нягтшилтай типопротейны түвшинг хялбархан тодорхойлох боломжтой. Хэрэв таны цусанд нийт холестерин, триглицеридын хэмжээ бага, "сайн холестерин" буюу БНЛ их байвал та өөрийгөө судасны хатуурал, зүрх судасны өвчинд өртөх магадлал багатай гэж үнэлж болно. Харин таны цусанд нийт холестерин, “муу холестерин” буюу БНЛ-ийн түвшин ихэссэн байвал зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, зүрхний цус хомсдох өвчин, тархины судасны хатуурал, цус харвалтад өртөх эрсдэлтэй байгааг илтгэнэ. Чихрийн хэрэглээгээний хувьд чихэр тогтмол ихээр хэрэглээд ирэхээр хүний биеийн чихэрийн солилцоо алдагдаж цусан дахь сахар(Глюкоз)-ын түвшин нэмэгдэж нэгдүгээрт цусны зуурамтгай чанар ихсэж даралт ихсэх нэг шалтгаан болно.
-Хорт зуршлын тухайд?
-Хорт зуршлын хувьд архи, тамхины хэрэглээ зүрх судасны өвчин үүсгэх хамгийн эрсдэл өндөртэй зүйлүүд. Тамхины найрлаган дахь Никотин гэх бодис нь нэгдүгээрт судасны ханыг агшаадаг хоёрдугаарт цус өтгөрүүлж цусны зуурамтгай чанар буюу судсаар урсах урсгалыг удаашруулдаг. Архины хувьд мөн адил судас агшаах болон цус өтгөрүүлдэг гэж үздэг. Даралт ихсэх өвчин нь зүрх судасны өвчинүүдийн суурь өвчин юм байгаа, өөрөөр хэлбэл Артерын даралт ихсэх өвчний хүндрэл нь зүрхний шигдээс, тархинд цус харвалт юм.
-Нийгмийн стрэссээс шалтгаалж хүмүүс өвчлөөд хямраад байна уу даа?
-Стресс ихтэй байх нь өөрөө зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлд орно л доо. Гэхдээ нийгмийн стрессээс илүү амьдралын хэв маяг, хоол хүнс, хорт зуршил нь илүү нөлөөлж байна.
-Тэгэхээр таны эрүүл мэнд таны гарт, таны мэдлэгт мэдээлэлд байна гэдгийг иргэд хэр мэддэг бол?
-Дээр дурдсан өвчин үүсгэх шалтгаануудаас нас хүйс, удамшлаас бусдыг нь бид бүхэн өөрөө хянаад зохицуулаад хэрэглээд хянах боломжтой. Ер нь дан ганц зүрх судасны өвчин гэлтгүй бүхий л төрлийн өвчнөөс хувь хүн өөрөө урьдчилан сэргийлж болно. Ер нь өвчлөхгүй, өвчилсөн ч өвчнөө хүндрүүлэхгүй байх боломж бий. Хүн бүр ухаалаг утас барьж байна. Янз бүрийн мэдээ мэдээллийг заавал эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс гэлтгүй өөрсдөө олоод уншаад мэдчих боломжтой болсон ийм нийгэмд бид амьдарч байна. Гол нь албан ёсны мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө мэдээллийг олж унших нь чухал байна. Тэгэхгүй хэн нэгэн их мэдэгчийн өгсөн тийм ч юм сайн тэр муу гэсэн зөвлөгөөг дагаж янз бүрийн баталгаагүй, эрүүл мэндээр судлагдаагүй эм тариа, сүлжээний бүтээгдэхүүн, ургамал амьтны гаралтай түүхий эд хэрэглэх нь тун буруу.
-Хүн дотор эрхтнээ эрүүл байлгахад юуг анхаарах вэ, өдөр тутамдаа цаг тутамдаа хийж хэвших үйл хөдөлгөөн үйлдэл юу бэ?
-Ерөөсөө л хоол хүнсний, хорт зуршлын хэрэглээ, амьдралын хэв маяг шүү дээ. Хүний бие гаднаас орж буй аливаа хоол хүнс, идээ ундааг боловсруулах хоргүйжүүлэх, амьсгалах, бүх эд эрхтнийг цусаар хангах болон цусны үүсэл хөгжилд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс идэж уух хоол хүнс, хорт зуршил, дээрэй илүү анхаарна.
-Таргалалт бас янз бүрийн өвчний үндэс суурь болоод байх шигээ?
-Тийм. Иргэдийн дунд таргалалт маш их байна. Ялангуяа хүүхдүүд таргалаад байна. Таргалалт гэдэг маань нэгт өөрөө өвчин, хоёрт зүрх судасны өвчин болоод дотор эрхтэнүүдийн өвчлөлийн шалтгаан болдог. Тиймээс хүүхдүүдийхнээ идэж ууж байгаа хоол хүнс, хөдөлгөөн дээр багаас нь анхаарах хэрэгтэй байна. Хүүхдээ зөв эрхлүүлэх хэрэгтэй, хамаагүй чихэр жимс, чипс ихээр хэрэглэж байна. Удаан хугацаанд тарган байгаад ирэхээр дотор өөх ихдэж элэг зүрх хүртэл өөрчлөөд ирнэ. Элэгний өөхлөлт удаан байвал тэгээд элэгний хатуурал, хорт хавдар болно. Зүрх нь өөхөлсөн хүн ачаалал даахгүй жаахан зүйлд амьсгаадаад эхэлнэ. Нэгэнт өөрчлөөд эхэлсэн дотор эрхтний өөхийг хайлуулахад их хэцүү тиймээс өөхлөхөөс нь өмнө л арга хэмжээ авах хэрэгтэй.
-Танай Тэс сумын хүн амын дунд зонхилон илэрч байгаа ямар өвчин байна вэ?
-Манай сум гэлтгүй ер нь хөдөөний иргэдийн дунд хамгийн элбэг тохиолдох өвчин нь нэгт Артерын даралт ихсэлтийн өвчин байна. Сүүлийн үед өвчлөл ер нь их залуужиж байгаа 18-20 хүрч байгаа залуучуудын дунд ч даралт ихсэх тохиолдол цөөнгүй байна. 45-с дээш насныханд үе мөчний өвчин өвдөгний остеоартит нэлээд элбэг байна. Энэ нь ерөнхийдөө хөдөөгийн иргэд маань хайхрахгүй өвлийн хүйтэнд морь мал, мотоцикл унаагаар их явдаг, мөн хөдөлгөөний дутагдалтай байгаас болж байна. Малчид маань хэдий өглөөний нарнаас орой нарны хооронд ажиллаж хөдөлмөрлөх боловч энэхүү хөдөлгөөн нь бас яг идэвхитэй хөдөлгөөндөө орохгүй байна. Идэвхитэй хөдөлгөөн гэдэг маань хүний биеийн үеүүдийг далайцтай хөдөлгөх буюу бүрэн нугалах, тэнийлгэх үйлдэл хийж байх учиртай.
-Сумынхны эрүүл мэндийн боловсрол хэр байдаг вэ?
-Ер нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол жаахан муу. Ялангуяа хөдөөний иргэд эрүүл мэнддээ анхаарахгүй эмнэлэгт үзүүлэхгүй явсаар байгаад өвчнөө хүндрүүлж эцэст нь хүрч байж эмнэлэгт хандаж үзүүлдэг.
-Биеэ анзаарахгүй хайнга хайхрамжгүй явсны гор, хорыг сайн тайлбарлавал, манайхан өвдөхгүй л бол эмнэлэгт үзүүлдэггүй. Гэвч өвчнөө хүндрүүлж буюу хожуу шатанд оруулаад ирснээс болж эмчилгээ байхгүй, цаашлаад амь насны асуудал яригддаг. Тиймээс иргэд юуг анхаарах вэ?
-Тийм манайхны дунд тийм хайхрамжгүй зан их байдаг. Ялангуяа хөдөөгийн иргэдийн хувьд нас 50 гарсан эрчүүд өдий хүртэл нэг ч удаа чагнуур тавиулж үзсэнгүй өвчин гэхийг мэддэггүй хүдэр хүндээ гэх яриа их байдаг. Энэ нь яс юман дээрээ тийм гайхуулах юм биш. Хөөрхий сумын эмч, нийгмийн ажилтнууд өвчнөөс урьдчилан сэргийлэх янз бүрийн үзлэг, сургалт зохион байгуулдаг ч хөдөөгийн иргэдийн хамралт маш муу байдаг. Энэ нь эрүүл мэнддээ анхаардаггүй эрүүл мэндийн боловсрол муу байгаатай шууд холбоотой.
-Хүн амьдралдаа өдөр тутам хэвшүүлж сурах их энгийн зөвлөгөөг өгөхөд?
-Өглөөний цай ууж хэвшихээс л эхлэх хэрэгтэй. Монголчууд ялангуяа хөдөөний иргэд маань өглөө эрт босоод л шууд хувцсаа өмсөөд малынхаа ажилд ордог хүмүүс. Тэгээд бүх ажлаа амжуулаад гэртээ орж цайгаа уух нь элбэг. Хөдөөгийнхөн гэлтгүй хотынхон маань ч өглөөний цай уухгүй ажил, хичээл дээрээ ирж хоол цайгаа идэж уух нь олонтоо. Ер нь хоолоо тохируулаад идээд сурчих хэрэгтэй. Хэт их өлсөж, хэт их идэх нь өвчлөл үүсгэх шалтгаан болно. Тэгээд хоололтон дээр манайхны өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэж үг байдаг. Энэ нь өглөө цайгаа заавал уух өдөр махан хоолоо идээд орой хөнгөн хооллох ёстойг хэлж байгаа юм. Гэтэл манайхан өглөө хоосон гараад явж явж орой ирээд махаа чанаж идээд унтаад өгнө. Хүн хоол идснээс хойш ядаж хоёр цагийн дараа хэвтэх учиртай. Хоол идэнгүүт хэвтэх нь өөрөө ходоод улаан хоолойн сөөргөө үүсэх шалтгаан болдог. Мөн орой хоол идэнүүт унтахаар хүн яаж сайхан амрах билээ. Энгийнээр хэлэхэд хүний бие махбод шөнө унтахад амарч байх ёстой атал ходоод маань хоолоо шингээх гэж шөнөжин зовдог байх нь. Эндээс эхлэх хэрэгтэй байна. Мөн өдөрт багадаа 20 минут эрчимтэй идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байна.
-Таны хувьд цахим эмч гэсэн пэйж ажиллуулж эхэлсэн байна билээ. Энэ талаараа мэдээлэл өгөхөд иргэд хэр хандаж байна вэ?
-Тиймээ, саяхнаас иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Фэйж ажиллуулж эхэлсэн. Одоо цагт хөдөө хотын ялгаа үгүй сүлжээ сайн болсон малчид маань хүртэл гэрээсээ интернет ашигладаг болсон. Монголчууд маань фэйсбүүк сүлжээг өргөн ашиглаж аливаа мэдээллийг ихээр авч байгаа энэ үед өөрийнхөө хэмжээнд өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөв мэдээ мэдээллийг иргэдэд өгөхийг зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа?
-Баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна