Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэгш боломж олгох зорилготой, 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын оролцоотой иж бүрэн үзлэг эхэлж, энэ удаад 500 хүүхэд хамрагдах юм.
Тус үзлэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийнх нь 7 дахь удаагийн үзлэг болж байгаагаараа онцлогтой.

Үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллага санаачлан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-Монгол Японы эмнэлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулж байна.
Үзлэгт нийслэл болон Дундговь, Дархан, Өвөрхангай зэрэг орон нутгаас ирсэн хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг оношилгоо, зөвлөгөө, шаардлагатай эмчилгээний чиглэлийг нэг дороос үнэ төлбөргүй үзүүлнэ. Одоогийн байдлаар 150 хүүхэд үзлэгт хамрагдаад байгаа бол нийт 500 хүүхэд хамрагдахаар бүртгүүлжээ.

Үзлэг, оношилгоо 5 дугаар сарын 2, 9, 16-ны өдрүүдэд үргэлжилж, хүүхэд бүрийн оношилгоонд тулгуурласан цаашдын эмчилгээ, сэргээн засах төлөвлөгөөг боловсруулахад чиглэж байгаа аж.
Зохион байгуулагчдын зүгээс уг үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн тэгш боломж олгох, эрт илрүүлэг, оношилгооны чанарыг сайжруулах, улмаар урт хугацааны эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна