Нийслэлийн МАН-ын хорооны дарга болон намын дотоод өрсөлдөөн, зөрчилдөөнтэй холбоотой асуудал байхгүй. Намын удирдлагуудын дунд сандал суудал булаацалдсан, эсвэл Хотын даргатай өрсөлдөх хэмжээний ноцтой зөрчил байхгүй. Миний зүгээс Х.Нямбаатар даргыг шууд дэмжиж ажиллана. Улс төрд үзэл бодлын зөрүү байх нь эрүүл үзэгдэл бөгөөд харин ч нэгнээ сохроор даган магтах нь буруу.
Улаанбаатар хотын хөгжил, хөрөнгө оруулалтын асуудлаар Д.Цогтбаатар орон нутгийн өөрөө удирдах эрхийг хүндэтгэх ёстой. Үндсэн хуулиар олгогдсон энэхүү эрхийн хүрээнд нийслэл өөрөө бонд гаргаж, хөрөнгө оруулалт татах нь зөв зүйтэй алхам гэж үзэж байна. Монгол Улсын эдийн засгийн 60 орчим хувь нь төвлөрдөг Улаанбаатар хот хөгжихгүйгээр улс орон хөгжих боломжгүй тул хотын санхүүгийн чадавхыг дэмжих нь зүйтэй.
Туул голын хурдны замын төслийг Засгийн газраас түр зогсоосон асуудал нь хууль хяналтын байгууллагын шалгалт явуулах зорилготой түр зуурын арга хэмжээ гэж ойлгож байгаа. Олон нийтийн дунд эргэлзээ байгаа бол шалгаж тогтоох нь зөв ч. Гэхдээ Монголын барилгын улирал богино байдаг тул шалгалтын ажлыг шуурхайлах шаардлагатай. Хэрэв Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталж, санхүүжилтийг нь шийдсэн төслийг Засгийн газраас бүрмөсөн зогсоовол энэ нь орон нутгийн өөрөө удирдах эрх мэдэлд халдсан хууль зөрчсөн үйлдэл болно.
Төр, засгийн байгууллагууд хоорондын эрх мэдлийн зөрчилдөөний талаарх хардлага нь УИХ болон байнгын хороодын үйл ажиллагаа хэвийн, гацсан зүйлгүй үргэлжилж байгаа. Парламент бол улс төрийн мэтгэлцээн, хүчний хуваарилалтын төв цэг бөгөөд тэнд улс төр, мэтгэлцээн байхгүй бол дарангуйлал тогтсоны шинж. Би сандал суудал булаацалдсан улс төрөөс хол байдаг. Хууль тогтоох, бодлого боловсруулах ажилдаа төвлөрч байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна