УИХ-ын гишүүн Ж.Батбаяр: Нийслэлийн хэмжээнд 1915 хэсгийн ахлагч ажиллаж ИТХ-аас тэдний цалин урамшуулалд 29 орчим тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь хэд хэдэн хууль зөрчиж байна гэж үзэж байна

Admin
2026/04/23

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит мэдээллийн цагаараа нийслэлийн хэсгийн ахлагч нарын асуудал, Туулын хурдны зам болон Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний индексийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батбаяр тэргүүтэй таван гишүүн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн барихад бэлэн болжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батбаяр:

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн барихад бэлэн болсон байна. Нийслэлийн хэмжээнд 1915 хэсгийн ахлагч ажиллаж, ИТХ-аас тэдний цалин урамшуулалд 29 орчим тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь хэд хэдэн хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Хуулийн төсөл санаачлах болсон гурван үндсэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуульд засаг захиргааны нэгжийг аймаг, нийслэл, дүүрэг, хороо, баг гэж заасан байтал "хэсэг" гэх шинэ нэгж бий болгож, төсөв баталж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Хоёрдугаарт, төрийн 2500 орчим үйлчилгээний тал хувь нь цахимжсан өнөө үед иргэний хувийн мэдээлэлтэй харьцдаг хэсгийн ахлагч нарыг иргэний хуулийн гэрээгээр ажиллуулах нь мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Гуравдугаарт, хэсгийн ахлагч нарыг хорооны Засаг дарга шууд томилж, чөлөөлдөг нь тэднийг улс төрийн нөлөөлөлд автах, сонгуулийн хэрэгсэл болох эрсдэлд оруулж байна. Энэ хууль батлагдсанаар жилд 20-30 тэрбум төгрөг хэмнэж, хороодын зохион байгуулалтыг шинэчлэх боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Туулын хурды замын төслийн ТЭЗҮ тодорхойгүй, байгаль орчны үнэлгээ бүрэн гараагүй, трасс нь 13 удаа өөрчлөгдсөн зэрэг олон зөрчил дагуулсан. Нийслэлийн ИТХ-аас төслийн өртгийг 2.3 их наяд төгрөгөөр баталж, тендер шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй бусаар явуулан гадаадын компани шалгаруулсан нь хардлага төрүүлж байгаа.

Ерөнхий сайдын зүгээс уг төслийг түр зогсоох шийдвэр гаргасан ч АН-ын бүлэг төслийг бүрмөсөн зогсоох шаардлага тавьж байна. Мөн нүүрсний хамгийн том хулгай болох “Бодь”-ийн оффтейк гэрээг шалгах асуудлыг АН тууштай өргөн барьсаар байх болно. Ж.Баярмаа, Б.Ганбат гишүүдийн өргөн барьсан Харбины гэрээг ил болгох саналыг ч чуулган дээр унагасан. Ер нь нууц гэрээнүүдийг ил болгох зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах, Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана гэв. 

Ардчилсан намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв:

-"Heritage" сангаас гаргасан эдийн засгийн эрх чөлөөний индексийн тайлангаар Монгол Улс дэлхийн 180 гаруй улсаас 63 оноотойгоор 69 дүгээр байранд жагсаж, сүүлийн 10 жилийн турш "хагас эрх чөлөөтэй" гэх ангилалд гацсан үзүүлэлттэй гарсан. 

Эдийн засгийн эрх чөлөө өндөртэй улс орнуудын иргэдийн дундаж орлого манайхаас дөрөв дахин их, 10-15 жилээр урт насалдаг болохыг судалгаа харуулдаг. Гэтэл Монгол Улсын хувьд төр өөрөө эдийн засгийн өсөлт, нээлттэй байдлыг боомилогч хамгийн том хүчин зүйл болж байна. Төрийн шударга байдал буюу авлигын үзүүлэлтээр 35, хууль шүүхийн үр нөлөөгөөр 50, өмчийн эрхийн хамгаалалтаар 40 орчим оноо авсан нь манай улсын хуулийн засаглал, хөрөнгө оруулалт, санхүүгийн эрх чөлөө дэлхийн хамгийн хаалттай улс орнуудын түвшинд байгааг харуулж байна гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна