Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх-ийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монголын төлөөлөгчдийг “Акорда” ордондоо хүлээн авч, хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд Засгийн газар болон байгууллага хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Үүний дараа талууд хэвлэл мэдээллийн төлөөлөлд мэдээлэл өгч, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, зорилтын талаар танилцууллаа. Казахстаны Ерөнхийлөгч онцлохдоо, 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны олон зууны түүхт харилцаанд чухал ач холбогдолтойг дурдсан юм.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт харилцааг шинэ түвшинд гаргахад түлхэц болно гэдгийг онцоллоо.
Талуудын хүрсэн тохиролцооны хүрээнд Монгол Улсын Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын хэлтэс нээх шийдвэр гаргасан нь стратегийн түншлэлийг бататгасан чухал алхам болсныг тэмдэглэв. Мөн Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлжээ.
Тээвэр, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр талууд санал нэгдэж, хоёр улсын хооронд дөт зам байгуулах асуудлыг судалж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон байна. Энэ нь цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Агаарын тээврийн хувьд одоо үйлдэж буй Алмата–Улаанбаатар чиглэлийн нислэгээс гадна Астана–Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх, мөн Өлгий чиглэлд шинэ нислэг нээхээр шийдвэрлэсэн нь бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах алхам болж байна.
Мөн геологи, уул уурхай, мал аж ахуй, вакцины үйлдвэрлэл зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг хэлэлцсэн байна. Түүнчлэн сансрын ажиглалтын систем, цахим хөгжил зэрэг шинэ салбарт хамтран ажиллахад Казахстаны тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Соёл, боловсролын салбарт ч хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болж, Казахстанаас Монгол Улсад олгодог сургалтын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх, “Study in Kazakhstan” боловсролын үзэсгэлэн зохион байгуулах, мөн Казахстаны их сургуулийн салбар нээх саналыг дэвшүүлсэн байна.
Цаашид хоёр орны хотууд хооронд “ах дүү хот”-ын харилцаа тогтоож, олон талт хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр талууд тохиролцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна