Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.04.14/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны 27 гишүүнээс 14 нь буюу Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, О.Алтангэрэл, Дам.Цогтбаатар, Д.Ганбат, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нарын гишүүд ирснээр хуралдаан 11 цаг 35 минутад 51.9 хувийн ирцтэй эхэллээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн талаар хэлэлцлээ. Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч Дам.Цогтбаатар уншиж танилцууллаа.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ.
Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Дам.Цогтбаатар, Д.Ганбат нар асууж, үг хэлэхдээ, үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох болон хүүхэд хамгаалалд эцэг, эхийн оролцоо, хараа хяналт чухал гэдгийг онцолж байлаа.
Ийн хэлэлцээд, Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна