Манай улсын нийгэмд өрнөөс өрний хооронд, арай ядан амьжиргаагаа залгуулж буй иргэд дийлэнх хувийг эзэлж байна. Хоол хүнс, амьжиргаагаа залгуулах гэж хичээж буй хүмүүс заримдаа нар мандахаас жаргахын хооронд бөхийх завгүй ажилласаар. Эгээ л бид нар жаргахаар гарч хоолоо хайж өлөө залгуулдаг, нар мандахад амардаг хуваарьтай хархны нийгэм шиг ширүүхэн тэмцэл дунд амьдарч байна.
Хамгийн сүүлд Дэлхийн банкны гаргасан судалгаагаар 2022 онд Монголын ядуурлын түвшин 27.1 хувь байсан юм.
Тэрхүү судалгаагаар Монголд сард 418.090 төгрөг хүртэлх орлоготой бол ядууралтай гэж тооцогдох аж. Хамгийн гол нь манай улсад ийм орлоготой 914.200 хүн байгаа буюу дөрвөн хүн тутмын 1.6 нь ядууралтай байна.
Харин Монголын хүн амын 49.2 хувь нь дундаж давхаргынх үлдсэн 23.7 хувь нь чинээлэг гэж судалгаагаар гарчээ. Энэ нь дөрвөн хүн тутмын хоёр нь дундаж орлоготой гэсэн үг. Дундаж давхаргын хүн ихэвчлэн цалингийн орлоготой бөгөөд цөөн хүүхэдтэй байдаг байна. Дефакто судалгааны хүрээлэнгээс "Дундаж давхарга гэдэг нь ажилтай, орон сууцтай, тогтмол орлоготой, хадгаламжтай байхыг хэлнэ" гэжээ. Манай нийгэмд цалингийн орлоготой иргэд гурван сарын хугацаанд ажлаа тасалдуулбал дагаад өрхийн эдийн засаг бөхийхөөр хүндхэн байдалтай байдаг. Иймээс дундаж давхаргын иргэд нийгэм дэх хамгийн завгүй, ачаалал ихтэй өдрүүдийг өнгөрөөдөг гэхэд буруудахгүй.
Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, донтолт гэмт хэргүүд ядууралтай нягт холбоотой байдаг. Эдгээр зүйлс үүсэхэд ядуурал шууд нөлөөлөхгүй ч эдийн засгийн цөхрөл, хомсдол нь гэмт хэрэг, долтолттой нягт уялдаатай аж. Манай нийгэмд сошиал сүлжээнд төрөл бүрийн гэр бүлийн хүчирхийлэл, аймшигт аллага, төрөл бүрийн донтолтын талаар мэдээлэл сүүлийн үед цөөнгүй гарч буй. Эдгээр гэмт хэргүүдийг дурдвал дуусахгүй биз. Үүнийг ихэнх нь сошиал медиа замбараагүй хөгжсөнтэй холбоотой хэмээн буруутгадаг ч эдгээр гэмт хэргүүд нь 2000 оны эхэнд үүнээс ч өмнө далд хэлбэрээр өрнөж байсан нь тодорхой. Хүний бага насны ядуурал нь насанд хүрсэн үедээ хүчирхийлэл, гэмт хэрэгтэй холбогдох хүчин зүйл болдог гэж Оксфордын судлаачид баталж байжээ.
Тиймээс эдийн засаг бол бүх зүйлсийг шууд аргаар шийдэж чадахгүй ч нийгмийг зөөлнөөр цэвэрлэх хүч гэж хэлж болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна