Шатахуунгүй арав хоносон Улаанбаатарчууд

Admin
2025/10/28

Сүүлийн арав хоногийн хугацаанд АИ92, 95, дизель түлшний хомсдол Улаанбаатар хот төдийгүй орон нутагт үүссэн. Энэ хугацаанд нөхцөл байдал ямар байсан талаар тоочъё. 

Өнгөрсөн баасан гарагт 11 шатахуун түгээх станцаас дөрөв нь л онгорхой, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байв. Харин үлдсэн долоон шатахуун түгээх станц бензин дууссан гэх шалтгаанаар хаалттай байв. Нээлттэй хэдхэн шатахуун түгээх станц дээр 50 гаруй машин дугаарласан, нэг машины жолооч доод тал нь 1 цаг хагас хүлээж байж бензинээ худалдан авч байлаа. Бид нээлттэй гурван шатахуун түгээх станцаар явж дугаарлаж буй жолооч нарын нөхцөл байдлыг ийнхүү ажиглан, тодруулав.

Өнгөрсөн баасан гараг 14 цаг Чингэлтэй дүүрэг 5-р хороо “Сод Монгол” шатахуун түгээх станц: Тухайн шатахуун түгээх станцад нэг машины жолооч 2 цаг гаран дугаарлаж байгаа талаар бидэнд ярьж байлаа. Мөн биднийг очиход клонкид дугаарлаж байсан машинууд хоорондоо үл ойлголцол үүсгэж, нэгнийхээ хөлийг машинаар дайрсан байдалтай байв. Хөлөө машинд дайруулсан жолооч хоёр эгнээ дугаарлахгүй байхыг шаардаж уг үл ойлголцол болжээ. Улмаар хоёр дахь эгнээнд дугаарласан жолооч түүнийг эсэргүүцэж хөлийг нь машинаараа дайрсан байна. Шаардлага тавьж буй жолооч, “Бензин үйлдвэрлэдэггүй учир хомсдол үүсэх нь гарцаагүй явдал. Гол нь жолооч нар ухамсартай байж нэг эгнээ дугаарлаж, өглөөнөөс хойш дугаарлаж буй жолооч нарыг бодох хэрэгтэй” гэж хэлж байсан юм. Өнгөрсөн баасан гараг 12 цаг Чингэлтэй дүүрэг 5-р хороо “Super 92” шатахуун түгээх станц: Уг шатахуун түгээх станцад 3 цаг гаруй хугацаанд дугаарлаж байж бензин авч байна гэж жолооч нар ярьж байлаа. Зарим жолооч ажлаасаа чөлөө авч шатахуунд дугаарлаж байв. Харин зарим дугаарлаж буй жолооч машиндаа унтаж, бие засах газар хол тул хэцүү байдалтай байдалтай байгаагаа ч нуусангүй. Тэд шатахуун хомсдох явдлыг улс төрийн буруу зохицуулалт, шатахуун түгээх станцууд монопол болсноос үүссэн гэж байр сууриа илэрхийлэв.

Өнгөрсөн пүрэв гараг 22 цаг Баянгол дүүргийн 20-р хороо Тэс петролиум: Тухайн шатахуун түгээх станцад 50 гаруй автомашин дугаарлаж, төв замын ачааллыг хүндрүүлж байгаа дүр зурагтай харагдав. Энд дугаарлаж буй жолооч зарим нь цаг гаран, зарим нь хоёр цаг хүлээж байгааг хэлж байлаа. Тэд мөн л улс төрийн бодлогогүй үйл ажиллагаа шатахууны хомсдолд нөлөөлж байгаа гэж бухимдаж байгаагаа илэрхийлэв. Мөн зарим шатахуун түгээх станцууд нэг машин 50 мянган төгрөгийн хязгаартай бензин олгож байгаа талаар хэлж байлаа. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ байдал өөрчлөгдөөгүй ба хэд хэдэн удаа шатахуун түгээх станцад дугаарлаж буй иргэд хоорондоо үл ойлголцож, маргалдаж, зарим нэг нь зодолдсон бичлэгүүд цахим сүлжээнд түгэв. 

Түүнчлэн хомсдол үүсэхийн зэрэгцээ шагийн наймаа цэцэглэх нь эдийн засгийн хууль. Үүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Шатахуун хомсдох болсноос хойш цахим сүлжээнд “Бензин дуудлагаар зарна” гэх зар мэдээлэл ихэд түгсэн. Уг зар мэдээллийн дагуу холбогдоход “10 литрээс дээш хүргэнэ, 1литр бензин 10 мянган төгрөг гэж байна” гэх мэдээллийг өгч байлаа. Ер нь шагийн бензин 1 литр нь 10-16 мянган төгрөгөөр худалдаалж байв. Энэ нь шатахуун түгээх станцаас 3-6 дахин их үнээр худалдаалж байгаа гэсэн үг юм. Шатахуунгүй Улаанбаатар хотын нөхцөл байдал иймэрхүү байв. Харин албаны зүгээс Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн лхагва гарагт “ОХУ манай улсын шатахууны 92 хувийг хангадаг. Дайнтай холбоотой манай улсад импортлох шатахуун бага зэрэг саатсан. Мөн хиймэл хомсдол бий болгож байна” гэж хэлж байв. 

Харин Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулбал одоо гаалиар орж ирсэн шатахууны хэмжээ буураагүй, харин ч АИ 95 бензин их импортлогдсон” гэх статистик мэдээлэл өгөв. Тодруулбал, 2024 оны аравдугаар сарын 12-21-нд АИ 92 бензин 16262 тн, АИ 92- 58.2 тн орж ирсэн байна. Харин одоо буюу 2025 оны аравдугаар сарын 12-21-ны хооронд АИ 92- 16394 тн, АИ 95- 563 тн бензин хилээр орж ирсэн гэж мэдээлэв. Энэ статистикийг харахад хиймэл хомсдол үүссэн байх боломжтой юм. Гол нь юунаас болсон гэдэг нь хачирхалтай. Хилээр орж ирсэн шатахуун өмнөх жилийнхээс бага зэрэг өсөлттэй. Ямартай ч буураагүй байдаг. Зарим нэг нетизэнүүд “Улс төрийн нөхцөл байдал. Нам болон сайдуудын хооронд дахь зодооны улмаас шатахууныг албаар хорьж байна” гэж нийтэлж буй. Харин “Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдын зүгээс шатахуун нөөцлөх сав хомсдолтой” гэх мэдээллийг өгч байна. Ер нь иргэдээс сурвалжилга авч, энэ талаар байр суурийг тодруулахад, “Манай улсын шатахуун түгээх станцуудын компани хэт монопол болчихсон. Хятад эсвэл ОХУ-аас шатахууны компаниудыг шууд оруулж ирэх хэрэгтэй” гэж хэлж байв. 

Шатахууны хомсдолын талаар тал талын байр суурь, бодит нөхцөл байдал, тоон мэдээллийг нэгтгэв. Ямартай ч шатахуунгүй арав хоносон Улаанбаатарчууд ийм нөхцөл байдалд байлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.105
14 цагийн өмнө
0
0
Оросуудаас хараат гэдгээ санагтун!
Хариулах