Ч.Нарантуяа: "Эмнэлгийн ажилчдад дарамт шахалт маш их байдаг. Дуугарвал эмнэлэгт олгох байсан санхүүжилт олгогдохоо болино" гэдэг

Admin
2025/10/16

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын шударга цалин, төсвийн бодит хуваарилалтыг шаардаж суулт эхлүүлнэ гэж өнөөдөр мэдэгдлээ. 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа: 2026 оны улсын төсвийг эргүүлэн татаж, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаад байна. Бидний нөхцөл байдал маш хүнд байгаа. Эмнэлгүүд бараг тэг зогсолт хийхэд хүрч байна. Хамгийн багадаа 1.5-1.7 тэрбум төгрөгийн өртэй эмнэлгүүд олон байна. Эмч нар эмнэлгийн тусламж үзүүлэх гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдолтой, ариутгалын бээлий нь ч олдохгүй байгаа юм.
Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх гэхээс илүү Монгол Улсын нийт иргэдийн эрүүл мэнд хохироход хүрч байна. УИХ-ын гишүүд нүдээ нээж, чихээ онгойлон биднийг сонсохгүй байна. Бид аравдугаар сарын 9-нд жагсаал цуглаан хийн шаардлагаа хүргүүлсэн. Тийнхүү Ерөнхий сайд эмч нарын төлөөлөлтэй уулзаж, та нар ажлын хэсэг гаргаад ямар боломж байна судлаарай гэсэн. Бид судлах ёстой хүмүүс нь биш. Бид шаардах ёстой. Хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах ёстой болохоос төрийн хийх ёстой ажлыг бид судлаад явж байх ёсгүй юм. Төр өөрөө хаана алдаа дутагдал байна гэдгийг судлаад хяналт шалгалтын олон байгууллагадаа даалгах хэрэгтэй. 
Яг одоо 11:30 цагаас Сүхбаатарын талбай дээр эмч ажилтнууд 2026 оны улсын төсвийг эргүүлэн тат гэх шаардлагыг тавьж мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардан суулт хийх гэж байна.

Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх 7 хоногоос суултаа үргэлжлүүлэх болно. Эмч нар уйлаад ярьж байна. Зүгээр ажилтай гуйлгачингууд боллоо гэж. Өргөсөн тангарагаасаа болж л ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Өчигдөр над руу сумын эмнэлгийн дарга утсаар холбогдсон. "Нөхцөл байдал маш хүнд байгаа. Гэхдээ бидэнд дарамт шахалт маш их байдаг тул дуу хоолойгоо хүргэж өөрсдийгөө илэрхийлэх боломжгүй. Хэрэв дуугарвал манай эмнэлэгт олгох байсан санхүүжилт олгогдохоо болино" гэсэн юм.
Орон нутагт хүний нөөцийн дутгадал маш өндөр байна. Нийт эмч нарын нийгмийн даатгал одоог хүртэл төлөгдөөгүй байгаа. Цалингаа 15 хувь л нэмэгдүүлэх гэж бид жагсаагүй. Энэ бол гутамшиг юм. Эмч нарыг жагсаал цуглаанд оролцож ажлаа хийсэнгүй гэж дарамталсан. Бидэнд жагсах эрх нь байгаа. Бид цалингаа 3.5 сая болгох хүртлээ бат зогсох болно. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна