2024 оны улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Сувиллын яслийн шинэ барилга баригдаж, ашиглалтад орлоо.
Анх 1957 онд байгуулагдсан яслийн барилга 1994 оноос Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяанд шилжиж, Сувиллын яслийн үйл ажиллагааг явуулж ирсэн түүхтэй. 67 жилийн настай хуучин барилгыг шинэчилж, “Алтайн Бумбат Өргөө” ХХК гүйцэтгэгчээр ажиллан шинээр барьж ашиглалтад орууллаа.
Хуучин байранд 2 бүлэгт 40 хүүхэд хамрагдаж байсан бол шинэ барилга ашиглалтад орсноор 3 бүлэгт 60 хүүхэд суралцах боломж бүрдэж, мөн 4 шинэ ажлын байр нэмэгдээд байна.
Сувиллын яслийн үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1-2 насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд тусгай хэрэгцээт боловсрол олгодгоороо онцлог юм.
Шинэ барилга ашиглалтад орсноор суралцагч бүрт чанартай боловсрол, тав тухтай орчинд сурч хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна