"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн талбайд өнөөдөр 100 тоннын даацтай самосвал онхолдож, ноцтой осол гарч, 40 настай залуу амиа алдлаа‼️
Ар гэрээ тэжээж, ид хийж бүтээх насан дээрээ байсан 40 настай оператор залуу амиа алдсан энэ хэргийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал гээд хав дарж болохгүй. Ажлын байран дээрээ амиа алдах нь энгийн үзэгдэл угаасаа биш.
Хамгийн ноцтой нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онц байдал зарласан үед өнөөдөр өглөө 06.00 цагийн орчимд TRX 11-47 дугаартай 100 тоннын даацтай самосвал онхолдож байгаа нь хариуцлагын тогтолцоог хөндөх болсныг сануулж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д ашиглаж буй тоног төхөөрөмж, машин техникийн чанар, дугуйны чанарыг нэн яаралтай шалгахгүй дахин эрдэнэт хүн амиа алдаж болзошгүйг анхааруулсан дохио ч боллоо.
Хамгийн харамсалтай нь ид хийж бүтээх насан дээрээ явж буй 40 настай оператор залуу, чанаргүй муу тоног төхөөрөмж, машин техник, чанаргүй хүнд даацын машины дугуй буудсанаас болж амиа алдчихлаа гэж нутгийн иргэд ярьж байгаа аж.
Олон улсад бүх ажил стандарын дагуу явдаг, ялангуяа уурхайн орчин гэдэг бол нэн онцгой бүс. Харин монголд ажилтан нь ажлын байран дээрээ амиа алдахад хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, өөрийнх нь буруу байсан гэж арьсаа хамгаалдаг цагаан захтай нөхдүүд олон. Яг одоо энэ тогтолцоог халж, 40 настай залуугийн амь нас цаашлаад “Эрдэнэс Тавантолгой”-д ашиглаж буй хүнд даацын тоног төхөөрөмж, машин, машины дугуйг шалгаж тогтоох шаардлага байна. Монгол хүн бүрийн хувьцаа эзэмшдэг энэ асуудал нэг компанийн асуудал ч биш. Монгол Улсын Засгийн газрын түвшний асуудал
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна