Онцгой байдлын алба хаагчдын “онцгой нэмэгдлийн урамшуулал”-ыг 40 хувь болгож нэмэгдүүлэхээр боллоо

Admin
2025/08/19

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.19/ ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхий сайд энэ үеэр алба хаагчдад хандан “Та бүхний өмнө тулгамдаж буй шийдвэрлэх ёстой асуудалтай танилцлаа. Гал, устай тэмцэж, амь биеэ үл хайрлан зүтгэдэг аврагчдын хувцас, хэрэглэл, шаардлагаатай тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай байгааг харлаа. Тиймээс юуны өмнө Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмэхээр шийдвэрлэлээ. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албажуулан, ирэх жилийн төсөвт тусгана. Бусад бүх төрийн тусгай алба хаагчдын урамшуулал 40 хувь байдаг. Гэтэл онцгой байдлын алба хаагчид үүнээс бага байх учиргүй. Тэр дундаа онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх техник, тоног төхөөрөмж, цаашлаад нисдэг тэрэг, дрон, техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад анхаарна. Эдийн засаг хүнд байгаа ч энэ жилдээ гадаадын зээл, тусламж болон дотоодын нөөц бололцоогоор ОБЕГ-аас тавьсан тоног төхөөрөмжийн шинэчлэлд Засгийн газрын түвшинд анхаарч, дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

Үүргээ нэр төртэй гүйцэтгэн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө зүтгэж буй та бүхний гавьяат үйлсээр Монголын төр засаг бахархаж байна. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлье хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон тэмдэглэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна