Ахмадуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлага тавилаа.
Тэдний хэлснээр, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өндөр цалин хангамжтай хэрнээ 500–600 мянган төгрөгийн тэтгэмжтэй ахмадуудыг хэдэн сар хүлээж хуримтлал үүсгэ гэж тулгадаг нь шударга бус байна. Мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2016 онд “Ахмадын хамтын тэтгэврийн тухай” хуулийг дэмжээгүйг шүүмжилж, уг хуульд өөрчлөлт оруулж, заавал 20 жил хамт амьдарсан байхгүйгээр нас барсны дараа үлдсэн хүнд нь тэтгэвэр олгодог болгохыг хүсэж байна.
Тэтгэврийн зээлийн асуудлаар ахмадууд Ерөнхий сайдын чиглэл түр зуурынх болж хувирсан гэж мэдэгдэв. Хэдийгээр анх 50 хувийг хүчингүй болгосон ч арилжааны банкууд зээл олгох хугацаа, нөхцөлийг дур мэдэн өөрчилсөн. Голомт банк 7-р сарын 24-нөөс зээлийн хугацааг 18 сар болгож, Төрийн банк энэ сарын 7-ноос зээлийг зургаан сараар олгохоор болсон нь ахмадуудад хүндрэл учруулж байна.
Тэд арилжааны банкууд 18–19 хувийн хүүтэй зээл олгоод дээр нь давхар хүү тооцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, Монголбанк ард түмний биш банкуудын талд ажиллаж байна хэмээн шүүмжиллээ.
Ахмадуудын гол шаардлага:
1. Тэтгэврийн зээлийн хүүг 12%-аас хэтрүүлэхгүй хуульчлах.
2. Давхар хүү тооцохыг зогсоох.
3. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна