Ц.Санжаачойпэл , Э. Тэмүүлэн нараас мансууруулах бодис илэрчээ

Admin
2025/07/23

Бусдыг хэрцгийгээр зодож, олон нийтийн газар танхайрсан хэрэгт шалгагдаж буй “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нарыг өчигдөр шүүхээс суллах шийдвэр гаргасан. Ингэхдээ тэднийг Улаанбаатар хотоос гарахгүй байх, Монгол Улсын хил давахгүй байх хориг тавьж, цахим гав зүүлгэн сулласан юм.

Гэвч шүүхээс тэднийг суллах шийдвэр гаргасныг эсэргүүцсэн прокурор эсэргүүцэл бичсэнээр уг асуудлыг өнөө, маргаашийн дотор дахин хэлэлцэхээр болоод буй.

Тэгвэл уг хэрэгт холбогдсон, оролцсон бүх хүнээс хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн эсэх тест авсан байдаг. Тэдний хариу хэрхэн гарсан талаар албаны хүмүүс мэдээлэл хийгээгүй ч прокуророос Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байсныг мэдээллээ.

Тодруулбал, шүүхээс өчигдөр өгсөн мэдээлэл дотор "Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...оргон зайлах, ...” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн" хэмээжээ.

Ингэснээр тэдний хариу эерэг гарсан болохыг гэрчилж буй юм.

Мөн уг хэрэгт "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан холбогдоод байгаа ч тэрбээр энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан билээ. Харин дөрөвдөгч этгээдийг өчигдөр цагдаагийнхан саатуулсан бөгөөд түүнийг мөн цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн ч шүүх өчигдөр хэлэлцээгүй юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.199
4 цагийн өмнө
0
0
нэр усыг нь ямар хнуудаг юм бэ. дөрөвдөгч этгээд
Хариулах