Жил жилийн наадмаас хамгийн олон айраг, түрүү авсан нутаг

Admin
2025/07/10

Жил бүрийн баяр наадам өөр өөрийн онцлогтой болдог. Учир нь тус наадамд барилдаж байгаа бөх, харваж байгаа харваачид, уралдаж байгаа морьдоос хэн гэдэг бөх  хэд давав, хэний ямар хүлэг торгон жолоо өргүүлэв гэдэг дээр гардаг байв. Жил жилийн наадамд Сүхбаатар аймгийн морьд хурдалж айргийн 5-д оорсноор Сүхбаатар аймгийн морьд хурдан хэмээх яриа гарч Дарьгангын угшилтай хурдан морьдын үнэ өсөж байсан түүхтэй. Үнэхээр ч сүүдэр, сэрүүн сэрхэрээ мөрөөдөн толгодын оройд ялаархан хурах адуун сүрэг бол энэ нутгийн бас нэгэн бахархал билээ. Газар газраас цугласан Манжийн хааны төмөр сүрэг их талын цагаан зээрдтэй уралдсаар шандас сайт адуун сүрэг үүссэн гэж нутгийнхан домоглон  ярьцгаадаг. Зандан хүрэн, Нийгэм хонгор, Мөнгөн хөлт, Орлой хонгор, Дарьгангын жижиг зээрдүүд зэрэг магнайдаа тоос хүргэж үзээгүй энэ л хурдан адуун сүрэг Дорнод Монголын шаргал элсийг эхийн сүүтэй зажилан тэнцэн өндийжээ. Дарьгангыг адууный нутаг, хурдны өлгий буюу хурдан удмын адууны угшилтай гэцгээдэг. Учир нь газар, тэнгэр нийлэн харагдах хараа гүйцэмгүй их талд хүн нь уужуу, адуу нь хурдан байдаг гэж нутгийнхан ярьдаг. Өөрөөр хэлбэл уул, ус, гол, мөрөн тааралдахгүй их талд адуу хүссэн хурдаа аван давхидаг аж. Мөн Дарьгангачууд адуугаа хурааж айраг цагаа исгээд байдаггүй, унага нь эхийн сүүгээр бойждог онцлог нь Сүхбаатарын адуу хурдан байхад нөлөөлсөн гэдэг. Улсын наадамд айраг, түрүү авсан Сүхбаатарын угшилтай адууг нэрлэвэл мундахгүй их билээ. 

1940 оны Ардын хувьсгалын 19 жилийн ойн баяр наадмын 30 айраг, түрүүний 10-г нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяачдын хурдан хүлэг хүртэж хурд, хүчээ МУ-даяар алдаршуулсан юм. Ийнхүү 1940-1953 оны хооронд Сүхбаатар аймгийн 6 насны 36 хүлэг Төрийн наадамд цулбуур өргүүлэн, Түмэн эхээ дуудуулсан бөгөөд түүний 6 нь түрүүлж, 14 нь аман хүзүүдэж, долоо нь айргийн гуравт, зургаа нь айргийн дөрөвт, 3 нь айргийн тавд даюхиж ирсэн нь ямар ч аймгийн түүхэнд байхгүй амжилт билээ.  Сүхбаатрын хүлэг хурдтай гэх эрхэм тодотголыг хүртүүлсэн юм. 

Дарьгангачуудын адуу малтай холбоотой бас нэгэн соёл бол ум марзай. Ихэнхи нутагт гийнгоо гэж нэрийддэг энэ Дарьганга марзай нь шашин номын тарний шидтэй гэж үздэгээс үүдэлтэй нэрийдэл юм аа.

Дарьганга марзай

Ум ум марузай мам суухай

Алтан Дарь овоо минь өршөөгөөрэ

Ажнай хүлгийг минь хурдлуулаарай

Асрын өмнө цоллуулаарай

Айргийн дээжээр мялаалгаарай

Ум Ум марузай мам суухай

Шилийн Богд уул минь өршөөгөөрэй

Шандаст хүлгийг минь хурдлуулаарай

Наадмын дэнжийг найгууланхан цоллуулаарай

Найрын айргаар бялхууланхан мялаалгаарай

Ум ум марузай мам суухай

Дарьганга нутаг минь өршөөгөөрэй

Домогт хүлгийг минь хурдлуулаарай

Дэнж хотойтол цоллуулаарай

Дарьгангын хурдаар гайхуулаарай

Ум ум марузай мам суухай

Аяндаа сайн яваарай

Алтан Дарь овоо минь  өршөө

Зууртаа сайн яваарай

Зуугийн Чойжоо өршөө 

Ум ум марузай мам суухай...гэж унаач хүүхэд уянгалуулан марзайлж уяа тойроход унаж яваа хурдан хүлэгийн цолмон хоёр нүд сэргэж, чих нь солбин амгаа зуузай булаан уралдааны замдаа тэмүүлнэ. Энэ аялгуу нь олон агтны дундаас түрүүлж давхих, хүүхэд морь хоёр эсэн мэнд ирэхийн зөн билэгийн дуудлага юм. Дарьгангачууд ум марзай мам сууха, Алтан Дарь овоо минь өршөө, гэгээн богд нь өршөө гэж марзайлдаг. Ум марзай мам сууха гэдэг нь нарны тарни. Ингэж өгөөжит алтан нарандаа хүүхэд морь хоёроо даатган явуулдаг учиртай. Сүхбаатар аймгаас олон гайхалтай уртын дуучин/АЖ Ш.Чимэдцэеэ/ болон дуурийн дуучин/АЖ, Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин /төрөн гарсан нь мөн л газар тэнгэр нийлэн харагдах хараа гүйцэмгүй их тал хийгээд унаач хүүхэд багаас ум марзайн тарнийг уянгалуулан марзайлж өссөнтэй холбоотой биз ээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна