“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Т, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нарыг мансуурсан үедээ бусдыг хэрцгийгээр зодсон гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар ЦЕГ-аас тайлбар хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн хошууч, С.Баярбилэг: Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын үед Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн III хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуудлаа гэх мэдээлэл анх бүртгэгдсэн байна. Уг асуудлын хүрээнд харьяа Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нар нь иргэн С-ийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Олон нийтийн сүлжээнд улс төрийн нөлөө бүхий иргэдийн хүүхдүүд байсан гэсэн мэдээлэл явж байгаа. Шалгалтын ажил хийгдэж байгаа болохоор энэ асуудлын хүрээнд мэдээлэл өгөх боломжгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нэр бүхий иргэдээс гадна хоёр иргэнийг эрэн сурвалжилж ажиллаж байгаа. Хохирогчийн хувьд одоогоор биеийн байдал сайнгүй байна. Эмнэлгийн байгууллагын хяналтад эмчилгээ хийлгэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-ын 2-т заасны дагуу мөрдөгч хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд камерын бичлэг байгаа эсэхийг тодруулах, цаашлаад гэрч болон бусад шаардлагатай ажлуудыг хийгээд явна. Хэрвээ камерын бичлэг байгаа бол мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтын хэмжээнд үнэлээд хураах ажил хуулийн дагуу хийгдээд явж байгаа гэлээ.
Түүнчлэн, ЦЕГ-аас хэрэгт холбогдсон этгээдүүд нь улстөрд нөлөө бүхий, дээр нэр дурдсан хүмүүсийн хүүхдүүд гэдэг мэдээллийг үгүйсгээгүй, харин шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас хэн нэгний нэр дурдаагүй юм. Мөн хохирогчийн ар гэрийнхний зүгээс Б.Эрдэнэбат, Ц.Цэрэнпунцаг нарын хүүхдүүд хүн зодсон гэдгийг баталж байгаа билээ.
Сэтгэгдэл (2)