Эрхэм хүндэт эцэг эхчүүд, сурагчид аа
Та бүхэндээ сургуулийнхаа тав тухтай, орчин үеийн шинэ орчинд хамтдаа хөгжил дэвшлийг бүтээх шинэ хуудсыг нээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэн мэндчилье.
Өнөө цагт Монгол хүүхдүүд маань олон улсын боловсролыг эзэмшин, дэлхийн иргэн болон өсөн бойжиж байна. Энэ зорилгын хүрээнд манай сургуулийн бодлого, алсын хараа ч мөн адил шинэ шатанд гарч, бүтээлч ажлуудаа эхлүүлээд буйг дуулгахад таатай байна.
Сургуулийн боловсролын бүтэц:
Бага сургууль
Монгол хэл бичгийн суурь мэдлэг дээр үндэслэн олон орны хэл, соёлтой танилцаж, XXI зууны зайлшгүй шаардлагатай ур чадвар болох харилцаа, нийгмийн ойлголт, бичгийн болон тооны чадвар, урлаг хөгжим, спортын үндсэн чадамжуудыг эзэмшихэд чиглэгдэнэ.
Дунд сургууль
Сурагчид онолын мэдлэгээ хэрэглээний түвшинд нэвтрүүлэн сэтгэн бодох чадвараа хөгжүүлж, байгаль дэлхий, хүний нийгмийн уялдаа холбоог ойлгон төсөлд суурилсан сургалтын арга барилаар суралцана.
Ахлах сургууль
Энэ шатанд сурагчид мэдлэгээ гүнзгийрүүлэн судалж, судалгаанд суурилсан сургалтын арга барилыг эзэмшин, олон улсын шалгалтуудад амжилттай бэлтгэгдэх, цаашлаад их, дээд сургуульд элсэн суралцах чадамжтай иргэн болон төлөвшинө.
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд манай хамт олон, эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах нь амжилтын гол түлхүүр гэж үзэж байна. Бид харилцан итгэлцэл, дэмжлэгт суурилан хүүхэд бүрийн ирээдүйг гэрэл гэгээтэй болгохын төлөө хамтдаа зүтгэх болно гэдэгт итгэж байна.
Анхаарал хандуулан уншсанд баярлалаа.
9-р сарын 1-ний өдөр уулзацгаая
Хүндэтгэсэн,
"Monte Rosa Technology School" сургуулийн захирал
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна