ОХУ руу зорчиж буй Монгол Улсын иргэд заавал биометрийн мэдээллээ өгөх шаардлагатай болжээ. Ингэхдээ багадаа гурав хоногийн өмнө хилээр гарах талаар мэдэгдэж, яаралтай тохиолдолд дөрвөн цагийн турш хүсэлт гаргаж, хүлээх хэрэгтэй болсон байна.
Тодруулбал, Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ОХУ-ын бүх шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх визгүй зорчих иргэд өөрийн биометрийн мэдээллийг өгөх шаардлагатай болсон байна.
Үүнтэй холбогдуулан иргэд ОХУ-ын хилээр нэвтрэхээс хамгийн багадаа гурав хоногийн өмнө буюу 72 цагийн өмнө цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай ба яаралтай тохиолдолд /жишээлбэл, төрөл төрөгсөд нь өвдсөн, нас барсан зэрэг/ хил нэвтрэхээс 4 цагийн өмнө богино хугацаанд хүсэлт гаргахыг зөвшөөрөхөөр зохицуулжээ.
Иргэд нэвтрэх урьдчилсан бүртгэлийг “RuID” гар утасны программ ашиглан хийж, QR код авах шаардлагатай бөгөөд QR кодыг үүсгэхийн тулд гадаад улсын иргэн “Госуслуги RuID” программаар хувийн мэдээллээ бөглөж, өөрийн зургийг байршуулж, тус улсад байх хугацааг оруулах юм байна. Хэрэв, гадаад улсын иргэн ОХУ руу нэвтрэх хүсэлт гаргаснаас хойш 90 хоног өнгөрч, ОХУ-д нэвтрээгүй бол QR кодыг дахин авах шаардлагатай аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна