Харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг завшсан байж болзошгүй хэргийн шүүх хурал наймдугаар сар хүртэл хойшиллоо

Admin
2025/06/03

Төрийн банкны Тээврийн товчоо салбарын эрх бүхий албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг завшсан байж болзошгүй хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж эхлээд долоон жилийн хугацаа өнгөрлөө.

Шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшилж өнөөдөр /2025-06-03/-нд БЗ, СБ, ЧД-н Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцээд ирцийн асуудалтай хэмээн үзэж ирэх наймдугаар сарын 18-ны 09.00 цагт хуралдахаар товлолоо.

Эргэн сануулахад, Анх 2018 оны аравдугаар сараас хойш тус салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн, харилцааны менежер Б.Нарантунгалаг, эдийн засагч Д.Батчулуун нартай хамтран гэмт хэрэг үйлдэж байсан хэмээн шалгуулсан байдаг.

Тодруулбал, Ч.Ариунгэрэл нь “гадаадаас хөрөнгө оруулалт орж ирж төсөл хэрэгжүүлнэ, манай нөхрийн компани тендерт оролцож байгаа, Төрийн банкнаас их хэмжээгээр мөнгө зээлэх хүсэлтэй хүмүүсийн өмнөх зээлийг хаах зорилгоор өндөр хүүтэй зээлбэл мөнгөө өсгөх боломжтой” гэх мэтээр хүмүүсийг төөрөгдүүлж байсан аж. Ингэхдээ, төрөл садангийн хүн болох У.Б-д “Эгчид нь мөнгө хэрэгтэй байна, чиний машиныг банк бусад тавьчихъя, эргээд аваад өгье” гэж итгүүлэн “Ланд круйзер-200”-г нь “Хан файнанс солюшн” ХХК-ийн хадгаламж зээлийн хоршоонд 35 сая төгрөгийн барьцаанд тавиулж мөнгийг нь авч залилсан гэж буруутгагдаж буй юм.

Мөн Төрийн банкны харилцагч М.С-ийн данснаас 10 сая, Д.Б-ийнхээс 40 сая, Д.Л-ийнхоос 106 сая, П.М-аас 24 сая, Ж.Д-гаас 55 сая, Р.Т-ийн тэтгэврийг барьцаалан 17 сая гэх мэтээр мөнгө авч залилсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон аж. Түүнчлэн Төрийн банкны теллерээр ажиллаж байсан В.У-ийн нэр дээр тус банкнаас олгодог кредит картыг захиалан авч залилсан, “Нөхрийн маань барилгын компани тендерт оролцож шалгарсан” хэмээн иргэн А.Б-д итгүүлэн таван хувийн хүүтэй мөнгө зээлэх нэрээр 19 сая, Төрийн банкны харилцагч Б.Н-ээс “хадгаламж барьцаалан зээл авах, тэр зээлээрээ өндөр хүүтэй зээл төлж чадахгүй хэцүү байдалд орсон албан газар, хувь хүний зээлийг чөлөөлж өгвөл зөрүү ашиг гардаг” гэж итгэл төрүүлэн төөрөгдүүлж 100 сая, үеэл дүүгээсээс 31.7 сая гэх мэтээр олон хүнийг залилан мөнгө авсныг ч мөрдөгчид тогтоосон.

Үүнээс гадна харилцагчийнхаа хадгаламжийнхаа дансанд хийхээр өгсөн 145 сая төгрөгийг “би хадгаламжид чинь хийчихье” гэж хэлэн авч, өөрийнх рүүгээ шилжүүлэн хохироосон, “таны хадгаламжид байгаа мөнгийг бусдад өндөр хүүтэй зээлүүлээд өгье танд болон банкант тус бүр хоёр, би нэг хувийг нь авна гэж зээлдээд 177 сая төгрөгийг нь авсан зэрэг үйлдлүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна.

Тэд ихэвчлэн банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэд мэдээллийг албан тушаалаа ашиглан судалж, мөнгийг нь барьцаалан зээл авч, хүүний төлөлт нэртэйгээр шилжүүлэн завшсан нь тогтоогдсон.

Төрийн банкны Тээврийн товчоо салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн, харилцааны менежер Б.Нарантунгалаг, эдийн засагч Д.Батчулуун нарт Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсгийн мөнгө угаасан, 17.3 дахь хэсгийн бусдад онц их хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг нь залилсан, 17.4 дэх хэсэгт заасан бусдын онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна